Нүүр / Мэндчилгээ

Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

                  Дэлхийн хэмжээнд арьс, ширэн бүтээгдэхүүний хэрэглээ эрчимтэй нэмэгдэх хандлагатай болсон өнөөгийн нөхцөлд Монгол улсад арьс, ширний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх түүхэн боломж Төр засгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэлж байгаад Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоог төлөөлж талархал илэрхийлж байна.

                 Монгол улсын Аж үйлдвэрийн салбарыг бүрдүүлж байгаа нэг голлох салбар нь Арьс ширний үйлдвэрлэлийн салбар юм. 1990-ээд оноос Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр тус салбар зарим талаар уналтанд орсон бөгөөд 2003 оноос үйлдвэрүүд сэргэж, хувийн хэвшлийн үйлдвэрүүд байгуулагдаж эхэлсэнээр 2007 гэхэд гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түвшинд хүрч, Арьс, ширний үйлдвэрлэлийн салбарт бүтцийн өөрчлөлт эрчимтэй явагдаж, арьс, шир боловсруулалтын түвшин ахисаар байна.

            Үйлдвэрлэлийг сэргээхгүйгээр, үүний дотор байнга нөхөн сэргээгдэж байдаг арьс, ширэн түүхий эдийн арвин их нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлгүйгээр улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадахгүйг хаана хаанаа ойлгодог болсоноор хүмүүсийн сэтгэл зүйд арьс, ширний үйлдвэрлэл эрхлэх нааштай хандлага гарч, бизнесийн таатай орчин бүрэлдэж эхэлж байна. Арьс, ширний үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх төслийг дэмжиж Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын 74, Засгийн газрын 48, 394, 300 дугаар тогтоолууд гарч түүнийг хэрэгжүүлэхээр салбарын яам, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, үйлдвэрүүд эрчимтэй ажиллаж байгаа нь энэ салбарын цаашдын хөгжилд бодитой хувь нэмэр болно гэж манай салбарынхан ойлгож, эрчимтэй ажиллаж байна. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо гишүүнчлэлдээ арьс, шир боловсруулах 34 үйлдвэр, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 80 гаруй, завод ноос угаах 6 үйлдвэрийг багтаасан томоохон салбарыг төлөөлөн үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсад Аж үйлдвэрийн комбинатыг Улаанбаатар хотын Хан –Уул дүүрэгт 1934 онд барьж байгуулсанаар Арьс, ширний үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөн түүхтэй юм.

             Тус салбар үүсэж хөгжсөнийхөө 80 жилийн ойг 2014 оны 3 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлж, ой угтсан олон ажлыг зохион байгуулан ажиллалаа. Түүхт энэ ойг тохиолдуулан олон арван хүн Төр, засгийн дээд шагналаар шагнагдлаа. Энэ салбарын хөгжилд өөрийн оюун ухаан, ажил үйлсээрээ бодитой хувь нэмэр оруулсан ахмадууд, салбарын өнөөгийн дүр төрхийг тодорхойлон түүнийг сэргээн хөгжүүлэхээр ажиллаж байгаа үйлдвэрүүдийн удирдлага, хөдөө орон нутагт томилогдсон төлөөлөгчид болон нийт хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт, амьдаралын сайн сайханыг хүсэж байна.

 

ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЭНХ-АМГАЛАН