ЭШ байгууллага

Урлах эрдмийн дээд сургууль

 

Сургуулийн эрхэм зорилго: Үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх нь УЭДС-ийн эрхэм зорилго мөн.

Сургуулийн бахархал: Төгсөгч нэг бүр ажлын байртай, төгсөгчдийн мэргэжлийн ур чадвараар салбартаа тэргүүлэх сургууль болж чадсан. Эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажиллаж амьдрах эрмэлзлийг багш, оюутнууддаа төлөвшүүлэхийг зорьдог.

Сургуулийн онцлог: Монголын дизайн-үйлдвэрлэлийн анхны дээд сургууль. Шууд үйлдвэрлэл эрхлэх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэдэг учир сургалт-уран бүтээл-үйлдвэрлэлийн гурвал холбоон дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Салбар бүрийн дэргэд уран бүтээл, үйлдвэрлэлийн нэгжтэй.

Тодорхойлолт: МДХ-НЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН "АЛТАН ГАР" ШАГНАЛТ, "СТИЛЬ", "ГОЁЛ","ХАВРЫН ГОЁЛ" НААДМУУДААС ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ ХҮРТЭЖ, ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ШИЛДЭГ ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭХ ТОВЧООГООР ШАЛГАРСАН МОНГОЛЫН ДИЗАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АНХНЫ ДЭЭД СУРГУУЛЬ

Нэр хундтэй шагнал:  

- Монголын Залуучуудын Холбооны ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР медаль

- "Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш" Өргөмжлөл

- Үйлдвэр Худалдааны Яамны Хүндэт тэмдэг

 

ТҮҮХИЙН ТОВЧООН

1993 онд байгуулагдсан Урлах Эрдмийн дээд сургууль /УЭДС/ нь БСШУЯ-ны зөвшөөрөл, улсын бүртгэлтэй, сургалтын батлагдсан төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу дизайн-үйлдвэрлэлийн чиглэлийн 10 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

1996 оноос дотоод, гадаадын уран бүтээлийн уралдаан наадамд оролцож ирсэн.

1997 онд Хувцасны дизайн, зохион бүтээлтийн салбарын дэргэд GT Загварын товчоо байгуулсан.

1998 оноос хувцас загварын SUMMER SHOW,

2003 оноос ULAANBAATAR FASHION WEEK зохиож эхэлсэн.

2003 онд Архитектур, интерьерийн салбарын дэргэд Классик студи,

2007 онд Чимэглэх урлагийн Enjoy салон байгуулсан.

2008 оноос SUMMER FASHION WEEK зохион байгуулдаг болсон.

2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын Захирагч нар УЭДС-д зочилсон.

 

ОЮУТНУУДАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨНГӨЛӨЛТ, АВЪЯАСЫГ НЭЭХ, ДЭМЖИХ ТАЛААР:

- 12.000 нэгж ном, мэргэжлийн сэтгүүл бүхий номын сангаар үйлчилж улирал тутам

- "Номын сангийн өдөр" зохиодог.

- Өдөр бүр цэсэндээ 12-оос доошгүй төрлийн хоол бүхий гуанз

- Автобусаар хөнгөлөлттэй зорчих үйлчилгээ

- Хичээлийн байрнаас 5 минут явах зайд байрлалтай гэрээт дотуур байранд орон нутгаас суралцагсдыг бүрэн хамруулж суулгадаг.

- Захирлын нэрэмжит шалгалтыг XI ба IY сард явуулж бүх оюутнуудын сурлага хүмүүжлийн байдалд дүгнэлт хийж зөвлөгөө өгдөг.

- 5 улирал онц сурсан оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлдөг.

- 6 улирал онц сурсан оюутанд Захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог.

- Оны шилдэг оюутныг шалгаруулж шагнаж урамшуулдаг.

- Хичээлийн жил бүр хөгжлийн бэрхшээлтэй болон өнчин, ар гэрийн боломж муутай 3-4 оюутныг төлбөргүй сургадаг.

- Мэргэжлийн дадлагын хичээлүүдийн материалыг үнэгүй тавьж өгдөг.

- Курсийн ажил, Дипломын ажлаар гүйцэтгэх загваруудын бүх материалыг сургуулийн фондноос олгодог.

- Мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцогчдын зардлыг 100% сургууль хариуцдаг.

- Хичээлийн жилийн 31 дэх 7 хоногт багш нарын удирдсан урлангуудын дунд уралдаан зохиож тухайн хичээлийн жилд эзэмшсэн ур чадвараа

  гайхуулан мэргэжлийн баяр хийдэг.

- Багш, оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал

- Хүмүүжил, олон нийтийн ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган ажилладаг.

- Шилдэг төгсөгчид болон ахлах курсийн оюутнуудтай уулзалт ярилцлага зохиож, зах зээл, технологи, үйлдвэрлэлийн туршлага судлуулдаг.

- Оны аварга шалгаруулах сагсан бөмбөг, гар барилдааны тэмцээн, урлагийн үзлэг тус тус зохиодог.

 

НИЙГЭМД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

- БСШУЯ-ны Боловсрол судлалын Төвтэй хамтран МҮСТ, Ерөнхий боловсролын сургуулиудын технологийн багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалт явуулдаг. Мерси Кор, Дэлхийн Зөн, АДРА зэрэг Олон улсын байгууллагуудтай хамтран Улаанбаатар хот, аймаг орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан түр хугацааны сургалт явуулдаг.

- Эмзэг бүлгийн хүмүүс, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан мэргэжлийн сургалт зохиодог. Улсын Шилдэг Загварын товчооны 2 удаагийн Өргөмжлөлт УЭДС-ийн GT Загварын товчоогоор үйлчлүүлэгчдийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд, олон алдартнууд байдаг. Түүнчлэн сонгодог болон рок, поп урлагийнхны 70 гаруй хувь нь УЭДС-ийн үйлчлүүлэгчид юм.

- ЕБС, МҮСТ-ийн сурагчдын /Хот, хөдөө орон нутгийн Үнсгэлжин тэмцээнүүд, Техник технологийн олимпиадуудад оролцсон/ уран бүтээлийг дэмжин УЭДС-ийн нэрэмжит шагналаар шагнадаг.

- 2003 оноос жил бүр нэг авъяаслаг уран бүтээлчийг дэмжин УЭДС-ийн нэрэмжит шагналыг /тайзны хувцсыг хариуцах хэлбэрээр/ олгож байна.

Хэрвээ Та дизайн урлагийн гайхамшигт ертөнцөд хөл тавьж загвар зохион бүтээгч-дизайнер болох хусэлтэй байгаа бол, хэрвээ Та үйлдвэрлэл эрхэлж амьдралаа цогцлуулах зорилго тавьсан бол 3000 гаруй нэгж бүтээл бүхий загварын фондоороо улсын бүх үйлдвэр болон сургалтын байгууллагуудыг тэргүүлдэг, бэлтгэн гаргадаг боловсон хүчний чанар, ур чадвараар төрийн ба төрийн бус өмчийн бусад сургуулиудыг хошуучилдаг, залуу хүний сурч, зөв хүмүүжин төлөвших нэн таатай орчныг бүрдүүлсэн, аливаад багш нар нь өндөр хариуцпагатайгаар өөрийн биеэр үлгэрлэдэг УРЛАХ ЭРДМИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН хаалга Таны өмнө нээлттпэй байна.

 

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот

Сонгинохайрхан дүүрэг, Москва гудамж - 10А

 

Шуудангийн салбар  46,  Хайрцаг  402

Улаанбаатар  14201

Монгол

 

Гар утас:   + (976) 99112242

                   + (976) 99062242

 

И-мэйл:     [email protected]
                     [email protected]   

 


ШУТИС-ҮТДС

- Хаяг: Монгол, Улаанбаатар, - Утас: 99018140


Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн

 

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 420 дугаар тогтоол гарч, Яамны зураг төслийн групп, Арьс шир, савхин эдлэлийн үйлдвэрийн туршлага шинжилгээний болон Хүнсний үйлдвэрийн туршлага шинжилгээний төвүүд гэсэн 3 салбартайгаар ХХҮЯ-ны харьяанд Эрдэм шинжилгээ, зураг төслийн институт байгуулахыг зөвшөөрчээ. ХХҮЯ-ны Сайдын 1973 оны 47 дугаар тушаалаар судалгаа шинжилгээ – зохион бүтээлт – туршилт үйлдвэрлэл гэсэн шинжлэх ухаан – үйлдвэрлэлийн цогц бүтэцтэйгээр байгуулагджээ.

 

Байгууллагын эрхэм зорилго нь: Шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, зохион бүтээлт, сургалт, туршилтын ажлыг амжилттай гүйцэтгэн хөнгөн аж үйлдвэрийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оршино.

 

Үндсэн чиг үүрэг:

Эрдэм шинжилгээ, судалгаа, зохион бүтээлтийн ажил,

Өрхийн болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх судалгаа, төсөл боловсруулах, бага оврын тоног төхөөрөмж үйлдвэрлэж нийлүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах,

Салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг горилох сургалт,

Туршилт – үйлдвэрлэл явуулах;

 

Үйл ажиллагааны чиглэл:

Ноос, арьс шир судлалаар дэлхийн хөгжингүй орнуудын хөгжлийн чиг хандлага,

Боловсруулах, гүйцэтгэх үйлдвэрлэлд нэвтэрч байгаа дэлхийн тэргүүний технологи, техник, түүхий эд, материал,

Өөрийн орны ноос, арьс шир судлалын ажлын түвшин явц, өнөөгийн байдал, хэтийн чиглэл,

Боловсруулах, гүйцэтгэх үйлдвэрлэлийн техник, технологийн түвшин, түүхий эд, материалын байдал,

Эх орны түүхий эдийн бүтэц, шинж чанар, онцлогт тохирсон, байгаль орчинд халгүй, эрчим хүч, ус хэмнэхэд чиглэсэн технологи,

Импортыг орлохуйц өөрийн орны түүхий эдэд тулгуурласан шинэ материал бий болгох, түүнийг үйлдвэрлэх технологи боловсруулах,

Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үндэсний уламжлалт арга, төхөөрөг хэрэгслийг судалж, түүний шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулан дэвшилт технологи бий болгох,

Гадаад орны тэргүүний техник, технологи, ноу-хауг авч ашиглах, өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах замаар үндэсний технологи болгон эзэмших,

Өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх судалгаа, чиглэлийг тодорхойлох,

Өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн онцлогт тохирсон технологи боловсруулах, бага оврын машин, тоног төхөөрөмж зохион бүтээх, үйлдвэрлэх,

Жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл, ТЭЗҮ, тооцоо, бизнес төлөвлөгөө зохиох, зөвлөгөө өгөх, сургалт явуулах, мэдээллээр хангах,

Хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх болон мэргэшлийн зэрэг горилох сургалт,

Эрдэм шинжилгээ, судалгаа, зохион бүтээлт, сорилт туршилтын ажлын үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх,

 

Одоогийн байдлаар ХҮСХХүрээлэн нь 20 гаруй ажиллагсадтай, орчин үеийн арьс ширний лаборатори болон туршилтын тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан бөгөөд лабораторийн тоног төхөөрөмжийн эхний хэсгийг суурилуулаад байна. Харин хоёр дахь ээлжийн тоног төхөөрөмж нь байр талбайн дутмаг байдлаас шалтгаалан суурилуулагдаагүй хүлээгдэж байна.

 

- Хаяг: Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө - Утас: 11-341017


АШЭШТ Армоно нэгдэл

Армоно корпораци нь анх 1970 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 120-р тогтоолоор Арьс шир, савхин эдлэлийн үйлдвэрийн туршлага, шинжилгээний төв нэртэйгээр байгуулагджээ.

1975 онд НҮБ-ын Үйлдвэрийн Хөгжлийн ЮНИДО ДП МОН 70-506 төслөөр одоогийн барилга баригдсан бөгөөд Арьс, ширний эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн төв болгон өөрчилж шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1997 онд МУ-ын Засгийн газрын 31-р тогтоолоор АШЭШТТөв, ОМЭСТөв, Ноос, Хөнгөн үйлдвэрийн институтыг нэгтгэн Армоно корпорацийг байгуулсан. 1999 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн А/70/257/406 тоот Гэгээрлийн сайд, ТӨХ, Үйлдвэр, Худалдааны сайд нарын хамтарсан тушаалаар Ноосны төвийг, 2000 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 406 тоот Төрийн Өмчийн Хорооны тогтоолоор Хөнгөн үйлдвэрийн институтыг, 2006 оны Засгийн газрын 36-р тогтоолоор ОМЭСТөвийг ШУТИС-д тус тус шилжүүлсэн.

АШЭШТТөв нь арьс ширний үйлдвэрлэлийн ойрын болон хэтийн хөгжлийн төлөв, манай улсад бэлтгэгдэж байгаа арьс ширэн түүхий эдийг иж бүрэн боловсруулах, экспортын нөөц, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр баригдах, өргөтгөл, шинэчлэлт хийх зураг төслийг боловсруулах зориулалтаар баригдсан.

Арьс шир, гутал, савхин эдлэлийн үйлдвэрүүдийн технологийн үндэслэлийг судлах, шинэ дэвшилтэт техник, технологийг сонгох, турших, боловсруулах үндсэн дээр монгол малын түүхий эдийн онцлогт тохирсон технологийг тогтоох, мэргэжлийн үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, бүтээгдэхүүний чанар хийцийг өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх, уураг агуулсан хаягдлыг иж бүрэн ашиглах, арьс ширний үйлдвэрүүдэд хэрэглэдэг зарим төрлийн химийн материалыг дотооддоо үйлдвэрлэх боломжийг судлах, механикжуулалт, автоматжуулалтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Одоогийн байдлаар Армоно корпораци 20 гаруй ажиллагсадтай байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд лабораторийн тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дуусч, техник, технологийн шинэчлэл хийгдээгүйгээс эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлууд хийх орчин нөхцөл үгүй болж, шинжлэх ухаан технологийн сангийн захиалгат 2 төсөл хаагдаагүй, шинээр төсөл хэрэгжүүлээгүй, корпорацийн байр талбайг түрээслэх замаар үйл ажиллагааны зардлаа нөхөж байна.

Армоно корпорацийн АШЭТТөвийн барилга нь 26000 м3 эзэлхүүнтэй төмөр, бетон хийцийн тоосгон ханатай, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, дулаан, уур ус, цахилгааны шугам сүлжээтэй, үйлдвэрлэл, туршилт, шинжилгээ явуулах зориулалтаар баригдсан.

Нийт 6261.7 м2 талбайтай. Үүнээс: засвар угсралт, техник үйлчилгээ, агуулах, цайны газар, албан тасалгаанууд, коридорууд, хими-физик, материал судлалын лабораториудын зориулалттай өрөөнүүд 4082.3 м2 талбайг эзэлнэ.

 

 

- Хаяг: Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө - Утас: 70006003, 70006011

 

Хүсэлт илгээх