card

Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа тус улсын Хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын албан тушаалтнуудтай хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтын үеэр Аргентины тал өөрийн Засгийн газраас хэрэгжүүлдэг техникийн хамтын ажиллагааны хөтөлбөртөө манай улсыг хамруулахаа мэдэгдэв. Уг хөтөлбөрт хамрагдсанаар манай улс Аргентины санхүүжилтээр тус улсын хөдөө аж ахуйн салбарын туршлагаас суралцах, ялангуяа малын ген, биотехнологи, био-инженерчлэл, шүлхийн эсрэг дархлаажуулалт болон бусад чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэрэг боломж нээгдэх юм.

Аргентин Улсад хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн бөгөөд мах бэлтгэл, арьс шир боловсруулалт, органик хүнсний экспортоор дэлхийд дээгүүр жагсдаг төдийгүй малын шүлхий өвчнөөс бүрэн ангижирсан орон юм. Тус улс зөвхөн 2016 онд л гэхэд дэлхийн 52 улсад өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны 200 гаруй хөтөлбөр амжилттай хэрэгжүүлээд байгаа аж.

Хүсэлт илгээх