Монголын ноос бэлтгэл, үйлдвэрлэлийн салбарынхан Пакистаны туршлагыг судлав

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд хонины ноос, ноосон бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, бизнес хөгжүүлэх, дотоод, гадаад зах зээлд борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилгоор Австралийн туршлагаар Пакистан улсад ноос бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэлийн тогтолцоог сайжруулсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжийг судлан, практик сургалт хийх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Пакистан улс нь байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлтэй, газар нутгийн хувьд манай оронтой төстэй, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг.

 

        Уг сайн туршлагыг нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн олон улсын маркетингийн зөвлөх Грант Виннинг, Австралийн малчин Ровен МкДоналд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Пакистан болон Монгол дахь суурин төлөөлөгч асан, олон улсын эксперт Кевин Галлагхер нарын туршлагыг энэхүү сургалтаар танилцууллаа. Грант Виннинг нь Ази, номхон далайн орнуудад үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний маркетинг борлуулалтыг сайжруулах замаар орлого нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай. Төслийн баг мэргэжилтэн Гранттай хамт Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотуудад үндэсний үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзаж тэдний эрэлт хэрэгцээ, түүхий эдэд тавигдах шаардлага, зах зээлийн нэмүү өртгийн сүлжээнд тулгамдаж буй зарим асуудлуудыг тодорхойлж мөн Дундговь аймагт малчдын хоршоотой уулзаж түүхий эд бэлтгэл, нийлүүлэлтийн асуудлуудыг газар дээр нь судлан үнэлгээ хийв.

2018 оны 8-р сарын 22-ны өдөр ХХААХҮЯ-нд хийсэн сургалтаар үнэлгээний үр дүн, Монголын ноос бэлтгэл, үйлдвэрлэлийн салбарыг Пакистаны туршлагаар сайжруулах боломжийг хэлэлцэх үеэр “Ноос бэлтгэгчдийн техник ур чадвар, технологийг сайжруулснаар бид Пакистан улсын Балочистан аймгийн хонины ноосны үнэ цэнийг 5 сая ам.доллараас даруй 19.3 сая ам.долларт хүргэсэн юм” гэж олон улсын маркетингийн мэргэжилтэн Грант Виннинг яриагаа эхэлсэн юм.

Үнэ цэнэ шингээсэн ноос бэлтгэх гол алхам бол малаа сайн тордож ноосыг нь чанаржуулах, малаа угааж ноосыг нь хяргаж авах арга барил, ноосоо ангилан ялгаж боловсруулах асуудлууд байдаг. Пакистанд ноос боловсруулагчдын зүгээс малчдад тавьдаг 3 шаардлага нь хяргасан ноосны урт нь жигд байх, өнгө, хээл, зооны хэсгээр нь ялгасан байх, сайтар угаасан байх асуудал байв. Үүнийг шийдвэрлэхийн тулд Австралийн сайн туршлагыг Пакистанд нэвтрүүлж, хонийг хяргахын өмнө угааж, ноос нь хатсаны дараа ноосыг нь гараар биш, машинаар хяргах аргыг нэвтрүүлжээ. Ингэснээр нэг хонин толгойгоос авах ноосны гарц 70% байсан бол 90%-д хүрч өссөн төдийгүй чанарын хувьд сайжирсан байна. Түүнчлэн Г.Виннинг явуулын хяргах бүхээгт хонийг хяргаснаар шороотой холихгүйгээр ноосыг нь ангилж ялган преслэх арга технологийн талаар ярьсан юм. Ноосны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлогын талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн В.Болормаа танилцуулснаас гадна Монголын ноос үйлдвэрлэлийн салбарт тулгамдсан асуудал, сайжруулах асуудлуудын товч мэдээллийг Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос өглөө.

Сургалт, семинарт нийт 40 гаруй хүн төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, малчдын хоршоодыг төлөөлөн оролцсон бөгөөд хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд бүгд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал зарим оролцогчид хонины ноос преслэх машин хийх, ноос хяргах явуулын бүхээг хийх, хонийг урьдчилж угааж бэлдэн хяргах, уламжлалт гар аргаар болон механик аргаар хяргахын ялгаа, давуу тал, эдийн засгийн тооцоолол хийх гэх мэт саналуудыг дэвшүүлэв. Ноён Грант Виннингийн тайлбарласны дагуу ноос бэлтгэл, чанар, нийлүүлэлтийн системийг сайжруулах Пакистаны туршлагыг Монголд нэвтрүүлэн бодит ажил болгож үр дүнд хүргэхэд хамтран ажиллах сонирхолтой буйгаа оролцогчид илэрхийллээ.    

Төслийн тухай

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ/UNIDO) нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хамтран “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг Европын Холбооны санхүүжилтээр 2018 оны 3-р сараас хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл нь Монгол Улсад мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж улмаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бөгөөд 2020 оны 1-р сар хүртэл хэрэгжинэ. Төслийн хүрээнд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгуулагууд болон бусад холбогдох талуудтай хамтран ажиллаж үндэсний болон олон улсын сайн туршлага, техникийн ур чадварт түшиглэн чанар, аюулгүй байдал, цэвэр технологид суурилсан мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, хүний нөөцийн ур чадвар, зах зээлийг өргөжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.