Арьс ширний үйлдвэрүүд цэвэр технологи руу шилжих алхам хийж, түүхий эдээ гүн боловсруулахыг хичээж байна

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO)-ын “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоотой хамтран “Арьс ширний үйлдвэрлэл” олон улсын сургалт, уулзалтыг өнгөрөгч долоо хоногт (2018.05.25) зохион байгууллаа.

Уулзалтыг ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар нээж үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэнэ гэж заасныг онцлон, түүхий эдийн бүтэц, онцлогт тохирсон, шинжлэх ухааны ололтод тулгуурласан, экологид халгүй технологиор бүтээсэн арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн, Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн талаар НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын төслийн зохицуулагч Г.Мөнхболор танилцуулсан. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь (НҮБАҮХБ) Монгол Улсын Засгийн газартай хамтран “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг Европын Холбооны санхүүжилтээр 2018 оны 3 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл нь Монгол Улсад мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн экспорт, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой.

 

Төслийн зохицуулагч Г.Мөнхболор

2020 оны 1 дүгээр сар хүртэл хэрэгжих төсөл нь төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд болон бусад холбогдох талтай хамтран ажиллаж байна. Ийнхүү хамтын ажиллагааны үр дүнд цэвэр технологид суурилсан мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл хөгжиж, салбарын мэргэжилтнүүдийн ур чадвар дээшилнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид харж байна.

Арьс ширний үйлдвэрлэл нь нэмүү өртөг шингээх экспортын нөөц салбар. Тус салбарт түүхий эд бэлтгэлийн тогтолцоо, техник технологийн шийдэл, үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтэц сул хөгжсөн, хүний нөөц дутагдалтай зэрэг тулгамдсан асуудал бий. Эдгээр болон бусад тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд НҮБАҮХБ-ын санаачилгаар арьс ширний үйлдвэрийн салбарын үйл ажиллагаанд богино хугацаанд үнэлгээ хийж, дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл, НҮБАҮХБ-ын олон улсын зөвлөх, Арьс ширний олон улсын зөвлөлийн итгэмжлэгдсэн аудитор Висванатан Мунусами 2018 оны 5-р сарын 7-ноос 28-ны өдрүүдэд Монголд ажиллаж, тодорхой асуудлаар дүгнэлт гаргаж, зөвлөмж хүргүүлсэн.

Арьс ширний олон улсын зөвлөлийн итгэмжлэгдсэн аудитор Висванатан Мунусами

Висванатан Мунусами нь арьс ширний технологич мэргэжилтэй, салбартаа 20 гаруй жил ажилласан туршлагатай. Арьс ширний үйлдвэрлэл, боловсруулах цэвэр технологи, цэвэрлэх байгууламж, эрүүл ахуй, нийгмийн асуудлаар мэргэшсэн хүн юм. Тэрбээр, Монголд ажиллах хугацаандаа Дархан-Уул аймгийн арьс ширний үйлдвэр, Улаанбаатарт байх гутал, цүнх, жижиг эдлэлийн үйлдвэр, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийн үйл ажиллагаатай тус тус танилцсан. Мөн ХХААХҮЯ, Монголын арьс ширний холбоо, үйлдвэрлэлийн холбоо, ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн арьс ширний төв дээр ажилласан юм. Тэрбээр, арьс шир боловсруулах цэвэр технологийн талаар уулзалтад оролцогчдод танилцуулсан. Арьс шир боловсруулах уламжлалт технологитой харьцуулахад химийн бодис, хүн хүч, эрчим хүчний зардлыг бууруулж, эцсийн бүтээгдэхүүний чанар дээшлүүлэхэд чиглэсэн аливаа боловсруулах аргыг цэвэр технологи гэж нэрлэдэг байна.

Одоогийн нөхцөлд  арьс ширний салбарт цэвэр технологи нэвтрүүлэхэд үйлдвэрлэгчдэд түүхий эдийн хаягдлыг бууруулах мэдлэг, ойлголт бага, мэргэжлийн ажилтан дутагдалтай, зардал нэмэгдэх зэрэг асуудал хүндрэл учруулж байна гэж олон улсын зөвлөх үзжээ. Угтаа цэвэр технологи нэвтрүүлснээр усны зарцуулалт, химийн бодисын хэрэглээ багасч, эрчим хүч хэмнэх юм. Олон улсад түр хугацаанд хөргөж хадгалсан арьс ширийг боловсруулах, бага давсаар түүхий эдийг түр хадгалах, түүхий эдийг давснаас салгах, үсийг шатаахгүй авах зэрэг нь цэвэр технологид хамаарагдаж байна. Ноён Висванатан Мунусами цэвэр технологи бүрийн арга аргачлалыг тайлбарласан.

 

Монгол Улсын зөвлөх инженер С.Даваажав

Мөн Монгол Улсын зөвлөх инженер, Монголын арьс ширний үндэсний холбооны гишүүн С.Даваажав “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлэх, хамтарч ажиллах боломжууд” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, арьс ширэн бүтээгдэхүүний түүхий эдэд гарч буй гол гэмтлийн талаар илтгэлийнхээ эхэнд дурдсан бөгөөд түүхий эдийн гэмтэл жил ирэх бүр нэмэгдэж, гуур, эсгэлт, сарлагийн хөөвөр самналт, шивээ, хачиг, чанар хамгаалалтын гэмтэл тус тус давамгайлж байгааг мэдээллээ. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн боловсруулалтын өнөөгийн түвшинг 2011 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж, нийт түүхий эдийн 25 хувийг гүн боловсруулж байна. 2016 оны статистикаар бол Монгол Улс жилд дунджаар том хүний 580 мянган хос гутал, хүүхдийн 37 мянган хос гутал, 57.7 мянган ширхэг савхин хувцас, 191.5 мянган ширхэг цүнх, жижиг эдлэл, 250 мянган хос савхин бээлий, 41 мянган ширхэг нэхий дээл үйлдвэрлэдэг. 

Одоогийн байдлаар арьс ширний чиглэлээр 40 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас арьс ширийг хагас боловсруулах үйлдвэр 10, арьс ширийг гүйцэд боловсруулах үйлдвэр 20, үслэг эдлэлийн үйлдвэр 2, нэхий боловсруулах үйлдвэр 2, завод ноос, ноолуур угаах үйлдвэр 6 байна. Эдгээр үйлдвэр дотооддоо эмх цэгцтэй байх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахих, хаягдал усны шугам хоолойгоо засварлах, гадна бохир усны худгуудаа цэвэрлэх, дотооддоо ашиглаж буй хромоо сэргээх, шохойдлогын шимийг эргүүлж ашиглах нь зүйтэй гэдгийг зөвлөж байлаа. Мөн бодын шир боловсруулахдаа үсийг шатаахгүй авах технологийг мөрдөх, усны хэрэглээгээ тооцож, хэмнэх, хатуу хог хаягдлаа аль болох эргүүлэн ашиглахыг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Амаржаргал уулзалтад оролцогчид хийгээд нийт арьс ширний зах зээлд тоглогчдод зөвлөж, цэвэр үйлдвэрлэлийн зарчмыг тайлбарласан. 

Уулзалтын төгсгөлд арьс ширний үйлдвэрийн төлөөлөгчид төрөөс баримталж буй бодлого, шийдвэр байнга өөрчлөгдөж байгаа нь хүндрэл учруулж байгаа талаар саналаа хэлж, аль болох цэвэр технологи руу шилжиж, түүхий эдийг гүн боловсруулж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаагаа илэрхийлж байлаа.