Хэнтий аймгийн  хөдөө аж ахуйн хоршоологчдын бодит чадавхийг тодорхойлох, хөгжлийн чиг хандлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төслүүдийг танилцуулах,  хоршоодын санал, тулгамдаж буй асуудлыг сонсож үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж ажиллах зорилгоор зохион байгуулж буй  “Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчид”-ын зөвлөгөөнийг 2018 оны 09 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хэнтий Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар, Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын холбоо, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 10 сум, 1 тосгоны 47 хоршоологч, албаны 14 хүн оролцож, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлээ хуваалцаж, харилцан санал бодлоо солилцлоо.

Уг зөвлөгөөнд Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх Захирал Т. Баярсайхан, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц. Алтантуяа нар урилгаар оролцлоо.Тус зөвлөгөөний үеэр аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас “ХХААХҮ, Хоршооны чиглэлээр 2018 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашид хийгдэх ажил”, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос “Хөдөө аж ахуйн хоршооны хөгжлийн чиг хандлага”, Монголын Арьс, ширний үйлдвэрлэлийн холбооноос “Арьс, ширний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, бэлтгэн нийлүүлэлт”, Улсын бүртгэлийн хэлтсээс  “Хоршооны улсын бүртгэлийн анхаарах зарим асуудал, Татварын хэлтсээс ” Татварын хуулийн шинэчлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем”, Нийгмийн даатгалын хэлтсээс “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид орсон өөрчлөлтүүд”, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний үеэр хоршоологчид “Хоршоог хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Хөдөө Аж Ахуйн Хоршоодын оролцоо, бэлтгэн нийлүүлэлт сэдвээр хэлэлцэж дараах саналыг гаргалаа. Үүнд:

  1. Хоршоон дээр чиглэсэн хоршоодод үнэлгээ, зөвлөх үйлчилгээ авах
  2. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг махны үйлдвэртэй болох
  3. Борлуулалтын дундын хоршоо бий болгох
  4. Хоршоологчдын гадаад, дотоод туршлага судлах аялал зохион байгуулах, үзэсгэлэн худалдаанд хоршоодыг хамруулах ажлыг зохион байгуулах
  5. Хоршоод малын тэжээлийн ургамал тариалдаг  болох
  6. Хоршоодоор дамжуулан арьс, ширний анхан шатны тордолтыг хийж орлогоо нэмэгдүүлэх
  7. Төрөөс олгож буй урамшуулал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хоршоодыг хамруулах
  8. Мах, мал нядалгааны цэгийг нэмэгдүүлж, сум болгонд байгуулах
  9. Сүү, цагаан идээ хадгалах сав, сав баглаа боодлын асуудлыг шийдвэрлэх
  10. Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны үйл ажиллагааг тогтмолжуулах
  11. Хоршоодын үйл ажиллагааг дэмжиж хөнгөлөлттэй зээл, түрээсийн хөнгөлөлтийн үйлчилгээнд хамруулах
  12. Хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих ажлыг зохион байгуулах гэсэн саналуудыг гаргаж, аймаг нутгийн удирдлагуудад хүргэлээ.