2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Урлах Эрдэм Дээд сургуульд Гутлын Зохион Бүтээлт цахим сургалтын нээлтийн өдөрлөг болж өнгөрлөө.Тус нээлтийн үйл ажиллагааг НҮБ-ийн Аж үйлдвэр хөгжлийн байгууллага /ЮНИДО/  , ХХААХҮЯ , Европын холбооны төлөөлөгчийн газар , Урлах Эрдэм Дээд сургууль мөн МАШҮХолбоо хамтран зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд зориулж UNIDO SECIM2 төслийн менежер Г.Мөнхболор, ХХААХҮЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Батхүү нар нээлтийг нээн үг хэлэв .Уг нээлтэнд Монголын Арьс шир үйлдвэрлэлийн салбарын гутал үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээ, их дээд сургуулиуд зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож туршлага санал бодлоо хуваалцлаа.

“Гутлын зохион бүтээлт” цахим хичээлийн агуулгыг Европын Холбооны санхүүжилтээр НҮБХХААБ, НҮБАҮХБ-аас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн хүрээнд монгол хэлнээ хөрвүүлж, сургалт удирдах Moodle системд суурилсан Урлах эрдмийн цахим сургалтын талбарыг бүтээв. Цахим хичээлийг танхимын сургалттай хослуулж, дадлагын хичээлээр баяжуулан Монголын арьс шир, гутал үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх ажлыг 25 жилийн түүхт Урлах эрдмийн дээд сургууль хариуцан гүйцэтгэх ба Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн нэгдсэн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжин ажиллаж байна.

Хичээл нь одоогоор хүний тавхайн анатоми, гутлын материал ба эд ангиуд, хэвлүүрээс хуулбар буулгах, үдээстэй эрэгтэй ботинкны эсгүүр гаргах, загвар гутал үйлдвэрлэх гэсэн 5 модуль, өөрийгөө сорих тестүүдээс бүрдэж байгаа ба цаашид сандаал, спорт гутал, туфли зэрэг төрөл бүрийн гутлын эсгүүр гаргах 10 модулиар нэмж баяжигдах юм. Суралцагчид цахим хичээлийг Интернэтэд холбогдсон суурин болон зөөврийн компьютер, таблет, ухаалаг утас ашиглан хүссэн цагтаа хаанаас ч үзэж судлах боломжтой.

Сургалтын агуулгыг НҮБАҮХБ-ын захиалгаар Итали улс дахь Үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийн олон улсын политехникийн институтээс (Politecnico Internazionale per lo Sviluppo Industriale ed Economico/PISIE) анх 1980-аад онд боловсруулан гаргасныг НҮБАҮХБ-ын Арьс ширний үйлдвэрлэлийн зөвлөх Др.Ferenc Schmel 2012 онд 21 модуль бүхий цахим сургалтын агуулга болгон шинэчлэн зохиомжилсон юм.

МАШҮХолбооны Гүйцэтгэх Захирал Т.Баярсайхан салбараа төлөөлөн Гутлын гутлын үйлпвэрлэлдэх сорилт, боломж сэдэвт илтгэл тавилаа.Уг илтгэлээр гутлын салбарт тулгамдаж буй асуудал мөн энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх гарц боломжийн талаар цаашлаад бид өнгөрсөн жилүүдэд хэрхэн  үр дүнтэй ажилласан ахиц дэвшлийг статистик тоон судалгаагаар харьцуулан тайлагналлаа.

Бид ХХААХҮЯ-ны мэдээний албанд өгсөн манай гутал үйлдвэрлэгчидийн ярилцлагаас та бүхэнд хүрэж байна:

Дархан минж ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баянжаргал: Манай компани дөрөв дэх жилдээ гутал үйлдвэрлэж байна. 2018 оны наймдугаар сараас эхлэн гутлын үйлдвэрлэлийн бүрэн автоматжсан шугамыг суурилуулаад байна. Чанар, стандартын шаардлага нийцсэн гутал үйлдвэрлэн, экспортод гаргах зорилготой ажиллаж байна. Хоногт 500 гутал үйлдвэрлэх хүчин чадал суурилуулаад байгаа бөгөөд эхний гурван жилдээ үйлдвэрлэлийн хүчин чадлын 40 хувийг ашиглаж, 200 хос гутал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагийн зэрэгцээ зах зээлийн судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авах, гутлын чанараа дээшлүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.

Хас гутал ХХК-ийн ерөнхий захирал М.Золзаяа: Манай компани Азийн хөгжлийн банкны “Сарлагийн хөөвөр, ямааны арьсаар эко сурагчийн гутал үйлдвэрлэх” төсөлд хамрагдлаа. Уг төслийн хүрээнд сурагчийн хөлд эвтэйхэн гутал үйлдвэрлэх, загвараа шинэчлэх зэрэг аргад суралцсан юм. Цаашид зөвхө сурагч гэлтгүй 2-18 насны хүүхэд бүрийн эрэлт, хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн гутал үйлдвэрлэх дадлага, чадварыг эзэмшүүлэх чиглэлийн танхим, зайн сургалт хосолсон хөтөлбөрийг эрэлхийлж байна. Тиймээс өнөөдрийн нээлтийн арга хэмжээний үеэр холимог сургалтын талаар мэдээлэл авч, үйлдвэрийн ажилчиддаа сургах эсэхээ шийднэ.

Нээлтийн арга хэмжээний үеэр зочидод зориулан гутал үйлдвэрлэлийн үзүүлэн сургалт боллоо.

 

Мөн  Урлах эрдмийн дээд сургуулийн оюутнуудын гутал, арьсан эдлэлийн загварын үзүүлбэр явагдсан юм.