АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛ - АРЬС ШИРНИЙ САЛБАР

Өнөөгийн байдлаар монголын арьс ширний салбар 3 том зорилтын өмнө байна.

Нэгдүгээрт: Арьс ширний салбарыг  цоо шинэ хөрсөн дээр иж бүрнээр бүтээн байгуулах.

Арьс ширний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудал 2006 оноос яригдаж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байгуулах арьс ширний үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ  2008 онд,  Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороонд байгуулах аж үйлдвэр, технологийн паркийн ТЭЗҮ, зураг төсөв 2011 онд, Дархан хотод байгуулах арьс ширний үйдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ 2013 онд тус тус боловсрогдсон байдаг.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 5-д “арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх ажлыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах”-ыг Засгийн газарт даалгасан.

Засгийн газрын  2014 оны 356 дугаар тогтоолоор Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Шар хөцийн хоолой” гэдэг газарт төвлөрүүлэн байршуулахаар шийдвэрлэсэн байдаг.  НИТХТ-ийн 2014 оны 149 дүгээр тогтоолоор “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГазрыг байгуулжээ.  Паркийн захиргаа байгуулагдаж, цогцолборын дэд бүтцийн ажил ид өрнөж байгаа гэж ойлгож байтал Засгийн газрын 2018 оны  “Гурван тулгуурт хөгжлийн бодлого батлах” тухай 42  дугаар тогтоолын 3.1.2.6.-д арьс, ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлж, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор, кластерыг байгуулах ажлыг эхлүүлэх гэж заасан байна. Үүнээс үзэхэд цогцолбор байгуулах талаар өнгөрсөн 6 жилд юу ч хийгдээгүй болж таарлаа. .

Нүүлгэн шилжүүлэх гэж байгаа обьект нь Монгол Улсын аж үйлдвэрийн ууган гал голомтын үйлдвэрүүд  юм. Мал, малын гаралтай түүхий эдийг хүн ам олноор суурьшсан Улаанбаатар хотод оруулах нь эрүүл ахуй, ариун цэвэр, экологийн хувьд эрсдэлтэй учраас арьс, ширчид энэ асуудалд хариуцлагатай хандаж, нүүхийг зөвшөөрч дэмжиж байгаа.

Арьс ширний салбарт 1991 оноос хойш 17 томоохон үйлдвэр хувьчлагдсанаас 2018 оны байдлаар “Монгол шевро”, “Дархан нэхий”, “Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламж”, “Армоно корпораци “ тэсч үлдэн үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд арьс, шир боловсруулах 30 гаруй, гутал, хувцас, эдлэлийн 70 шахам үйлдвэр байгуулагдсан нь том амжилт Харин төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр хэрэгжихгүй цаг алдаж байгаа нь арьс ширний үйлдвэрүүдэд ихээхэн хүлээлт үүсгэж, хөгжиж дэвжихэд нь саад болж байна. Тухайлбал, Шинэ суурьшлын бүс рүү нүүх болсноос хойш Улаанбаатар, Дархан хотод шинээр баригдсан арьс, шир боловсруулах нэг ч үйлдвэр алга.

Ойрын жилүүдэд  арьс, ширний бэлтгэл 1990 –ээд оны түвшингээс  4-5 дахин нэмэгдэж, 20-25 сая ширхэгт хүрэх магадлал өндөр байна. Үүнийг боловсруулахад хуучнаар  Арьс ширний үйлдвэрийн нэгдэл шиг 5 том цогцолбор байгуулах шаардлага гарч байгаа.

2018 оны байдлаар энэ салбарт ойролцоогоор 3 сая ширхэг арьс, ширийг гүн  боловсруулах хүч  чадал байна. Харин үлдсэн арьс, ширийг яах вэ гэдэг тулгамдсан асуудал байгаа.

Хэвлэл, мэдээллээс үзэхэд Завхан аймгийн Тэлмэн суманд хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж байгаа байна. Энэ парк ашиглалтад орсноор дээрх тулгамдсан асуудлыг шийдэхэд зохих хувь нэмрээ оруулна.

Манай улсад арьс, ширний үйлдвэр байгуулах хүсэлтэй иргэд, том том группууд цөөнгүй байдаг боловч газар олдохгүй байгаагаас хөдөлж чадахгүй байна. Төр, засгаас товлож өгсөн “Шар хөцийн хоолой” гэдэг газарт дижитал эрин үед ганц цогцолбор барьж чадахгүй байгаа нь тун харамсалтай. Гэтэл одоогоос 87 жилийн тэртээ  буюу 1931оны 3 дугаар сарын 3-нээс 1934 оны  3 дугаар сарын 26 хүртэл 3 жилийн дотор 22 обьектоос бүрдсэн Аж үйлдвэрийн комбинатыг барьсан байдаг. Бид хаана явна вэ?

Хоёрдугаарт: Дэлхийн арьс ширний  аж үйлдвэртэй хөл нийлүүлэн хөгжих.  Өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэд дэлхийн арьс ширний аж үйлдвэрийн хөгжлийн шинэ гараа эхэллээ  гэж 2012 онд зарласан нь дэлхийн арьс, ширний бүх  үйлдвэрүүд нэг гараанаас жигд хөгжих боломжийг олгосон. Үүнээс хоцрохгүйн тулд Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн арьс, шир, үслэг судлалын төвийн хамт олон “Арьс ширний салбарт өндөр технологи нэвтрүүлэх боломж”  төслийг өөрсдийн санаачилгаар 2011 онд боловсруулж , монгол малын арьс, ширний төрөлх чанар, арьс, шир боловсруулах “хийх-буцаах” процессын логик, рН-ийн хэлбэлзэл,  хөөлтийн зэрэг, “Эко савхи” үйлдвэрлэх  цэвэршүүлэх технологи, эко технологи, цэвэр технологи болон нано технологи, био технологи, технологийн интеграцийн чиглэлээр багагүй судалгаа, туршилт, үйлдвэрлэл явуулж, тодорхой шийдэлд хүрээд байна.  

Судалгаанаас үзэхэд дэлхий даяар арьс, ширний үс авах 40 гаруй технологи, хромгүйгээр идээлэх 20 шахам технологи байдаг байна. Монгол малын үс нь арьс, ширэнд гүн суудаг, суултын өнцөг бага, үсний булцуу бат бөх бэхлэгдсэн байдаг онцлогоос хамаарч түүнийг гэмтээхгүйгээр хадгалж авахад хүндрэл гардаг гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд үс авахад  шүлтлэг орчинд исэлдүүлэх, хүчиллэг орчинд исэлдүүлэх, пиклийн хаягдал шимэнд исэлдүүлэх аргын аль аль нь тохиромжтой гэж үзэж байгаа бөгөөд  чөлөөтэй сонголт хийх боломжтой.  Италийн Italprogetti компани арьс, ширний үсийг зөвхөн NaOH, H2O2 –оор авах автомат систем бий болгож, үйлдвэрлэд нэвтрүүлж байна. Бид тухайн компанитай холбоо тогтоож уг системийг нутагшуулах судалгаа хийж байгаа.

Арьс, ширийг хромгүйгээр идээлхийн тулд silicate, oxazolidine, EWT Granifin F-90, Nano silicate  зэргээр идээлэх туршилтуудыг хийж, одоо зарим компаниуд энэ чиглэлээр ажиллаж байгаа. Туршилтаас үзэхэд эдгээр органик идээнүүдийг ургамлын идээтэй хослон хэрэглэх нь тохиромжтой байна.. Ургамлын идээгээр арьс, шир идээлж байсан туршлага бидэнд бий. Тухайлбал, 1912 онд байгуулагдсан Хиагтын Булигаарын завод ургамлын идээ хэрэглэж байснаас хойш 100 гаруй жил болж байна. Ургамлын идээг улны ширний үйлдвэр, хром-юфтийн үйлдвэрт өргөнөөр хэрэглэж байсныг эргэж санахад илүүдэхгүй. Цаашид оливын тосонд суурилсан идээлэг (Hydroil olive-based tanning), TWT, X-tan зэргээр үргэлжлүүлэн туршилт хийх шаардлагатай байгаа.

Өнгөрсөн 10 жилд 50 гаруй хүн Хятадын арьс, шир, гутал судлалын институтэд жил бүр явагддаг “Эко савхи” үйлдвэрлэх технологийн  богино хугацааны сургалт”-ад хамрагдсан тул манай мэргэжлийн хүмүүс орчин үеийн дэвшилтэт технологийн талаар зохих мэдээлэлтэй гэж ойлгож байна.

Хэрэглэгчид органик материал, эд зүйлсийг өдөр тутам хэрэглэх болсон байгаа.   Үүний нэг нь “Органик савхи”, түүгээр хийсэн бүтээгдэхүүн. “Байгалийн эрс тэс уур амьсгалд шалгарсан, мал нь төл ахуйгаасаа эхийн сүүгээр бойжиж, задгай бэлчээрт өвс ургамлаар хооллож, өсч үрждэг монгол үүлдрийн малын арьс шир нь төрөлхийн чанар, өрсөлдөх чадвараараа  бусад орныхоос үлэмж давуу талтай органик түүхий эд юм” “Органик савхи” нь олон улсын жишгийн дагуу дараах шааардлагыг хангасан байх учиртай:

  1. Органик тэжээлээр тэжээгдэж, эрүүл чийрэг бойжсон малын тухайлбал, органик малын органик арьс, ширийг хэрэглэх;
  2. Арьс, ширийг боловсруулахдаа хоруу чанар нь “0” ургамлын болон органик гаралтай химийн бус бодис, бэлдмэл хэрэглэсэн байх. Өөрөөр хэлбэл, органик савхи нь хром, метал, формальдегид, хүхэрт натри, глутаральдегид, хүхрийн хүчил зэрэг хорт бодис агуулаагүй байх;
  3. Эдэлгээний хугацаа дууссан савхийг дахин боловсруулж эргүүлж ашиглаж болдог байх.

Бид “Органик савхи” үйлдвэрлэхийн тулд  химийн хортой дээрх бодисын хэрэглээнээс татгалзаж энзим, пробиотик, био бэлдмэл, органик идээ, байгалийн гаралтай будаг, нано хучигч зэргийг хэрэглэж  цэвэр технологиор арьс, ширийг боловсруулах болно.

Цэвэр технологиор боловсруулсан “Эко савхи”, “Нано савхи” нь “Ногоон” үзэл баримтлалд нийцэх юм. “Арьс ширний салбарт өндөр технологи нэвтрүүлэх боломж”  төслийн үр дүнгээр 6 туршилт нэг зэрэг явуулах туршилтын барабаны нэгж,  Арьс, шир боловсруулах инкубатор, Арьс, ширний дамжлага дундын хяналтын лаборатори зэргийг байгуулсан.нь лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт явуулж, чанарын үзүүлэлтүүдийг лаборторийн шинжилгээгээр баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

Гуравдугаарт: Аж үйлдвэржилтийн  дөрөв дэх хувьсгалын үр шимийг бүтээлчээр хүртэх. Арьс ширний салбар компьютер, робот, 3D хэвлэгч, цахим төхөөрөмж үйлдвэрлэхгүй нь мэдээж. Харин эд бүхнийг бүтээлчээр ашиглаж, ухаалаг гутал, хувцас эдлэл үйлдвэрлэх нь бидний үндсэн нэг зорилт. Аж үйлдвэржилтийн анх дахь , хоёр дахь хувьсгалыг  бид биеэр туулаагүй ч гэсэн үр шимийг нь хангалттай хүртсэн. Аж үйлдвэржилтийн анх дахь хувьсгалын /1784 он/ явцад ус, уурын эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэлийг механикжуулж, хоёр дахь  хувьсгалын үед /1870 он/ цахилгаан эрчим хүч гарган авснаар бүтээгдэхүүнийг бөөнөөр нь үйлдвэрлэдэг болсон. Гурав дахь хувьсгалын (1960—1990 он) эхний 30 жилд монголчууд аж үйлдвэрээ хөгжүүлж чадсан. Харин сүүлийн 30 жилд аж үйлдвэрээ элгээр нь газар хэвтүүлчихээд босгож чадахгүй явна. Одоогоос 7-8 жилийн тэртээгээс дэлхий даяар аж үйлдвэрийн дөрөв дэх  хувьсгалын талаар эрчимтэй ярьж эхэлсэн. Бидний амьдралд энэхүү хувьсгал эхэлснийг батлах олон технологи, ололт хэдийнээ хүч түрэн орж ирсээр байна. Нано технологи, био технологи, үүлэн технологи, Их Өгөгдөл, генетик, хиймэл оюун ухаан, роботууд, 3D хэвлэгч зэрэг нь бүгд бие биенээ нөхөн, хөгжиж байна. Аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгал үйлдвэрлэлийг бүрэн автоматжуулах, роботжуулах болно. Гутал, хувцас, эдлэлийг роботоор үйлдвэрлэх болжээ. Adidas, Nike брэндүүд спорт төрлийн гутлыг роботоор үйлдвэрлэж  эхэлсэн байна. Мөн 3D хэвлэгч ашиглан захиалагчийн хүсэлтийн дагуу гутал хувцас үйлдвэрлэдэг болсон байна. Арьс, шир болосруулах нойтон цех бүрэн автоматжиж байна. Ус, уур, химийн материалыг автоматаар TT, PPH, PPE барабанд тунлаж, найруулан нийлүүлэх Huni, Aquamix, Italmix системүүд бий болоод байна. Савхи үйлдвэрлэхийн тулд малыг төхөөрч, арьс, ширийг нь хуулан авч боловсруулдаг байсан бол ойрын ирээдүйд амьд малын эс, ДНХ, коллагеныг био технологиор ургуулж савхи гарган авах болсон байна.

Арьс шир боловсруулахад гистологийн хувьд дермис давхаргыг, химийн хувьд коллагеныг ашигладгийг бид сайн мэднэ.  Тэгвэл  АНУ-ын Modern Meadow компани  2011 оноос хойш арьс, ширний коллаген ба протеиныг лабораторт ургуулж, ZoaTM нэршилтэй биосавхи бүтээсэн байна. Биосавхийг гарган авахад арваад нарийн мэргэжлийн 70 гаруй мэргэжилтэн бүхий баг  ажиллажээ. Малын амийг таслахгүйгээр арьс, ширний эсүүдийг  болон хуулдсуудыг  ургуулан, хуулдсуудаа үелэж,  давхарлан, идээлж, будаж, өнгө засал хийж гутал, хувцас, эдлэлийн дизайн гаргаж авсан байна.

Тодруулбал, үелэж давхарласан хуулдсуудаа оливын тосонд суурилсан (Hydroil olive-based tanning) идээгээр  эко-ухаалаг барабанд идээлж, дижитал системээр будаж өнгө засал хийж савхи болгосон  байна. Биосавхи нь ямар ч гэмтэл согоггүй, үнэрийн хувьд органик савхитай адил болсон аж.

Био боловсруулалт хийсэн буюу зохиомол савхи гарган авах процесс нь уламжлалт технологиос эсийн инженерчлэл, биопроцессээр ялгагдаж байгаа бөгөөд бүтцийн хувьд арьс, ширтэй төстэй юм байна. Үүнд: 1. ДНХ-ийн дээж авна. 2. ДНХ-ийн шинэ ширхэгтийг бий болгоно. 3. Шинэ ДНХ-г эсүүдэд оруулж, тэдгээрийг үржүүлнэ. 4. Эсүүд нь коллаген уураг үүсгэнэ. 5. Коллагены бүлгүүд хамтдаа молекулын  гурамсан мушгиа бий болгоно. 6. Гурамсан мушгиа нь фибрилийг үүсгэнэ.     Энэ фибрил нь наноширхэгт бөгөөд ширхэгт гэж нэрлэгдэх багцыг үүсгэнэ. 7. Ширхэгтүүдийг нэгтгэж  материалын бүтцийг бий болгоно. 8. Гаргаж авсан биоматериалыг идээлж, өнгө засал хийж савхи болгоно.

Үүнээс гадна сүүлийн үед мод, ургамал, жимснээс био материал гарган авах болсон байна. Дэлхийн Эдийн Засгийн Форумыг үүсгэн байгуулагч, доктор Клаус Швабын хэлснээр аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үед хэн хамгийн бүтээлч, шинийг санаачлагч байна тэр тэсэж үлдэх аж. Өөрөөр хэлбэл, Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь хүний хөгжлийн хувьсгал байх юм байна.  Үүнээс үүдэн гурваас дээш мэргэжлээр ажиллах чадвартай нарийн мэргэжлийн инженерүүд эрэлт хэрэгцээтэй болж байгаа байна.

            Бидний хийж буй ажлын дийлэнх нь роботоор юм уу програм хангамжаар хийгдэнэ.  Иймд автомат, робот үйлдвэр, ухаалаг төхөөрөмж, программ хангамж  мэддэг инженерүүд эхний ээлжинд шаардагдах болж байна. Чадварлаг инженер хэд хэдэн үйлдвэрийг удирдах, дэлхийн аль ч улс оронд зэрэг ажиллах боломжтой болох аж.

Аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгал  2020-2030 он хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж байгаа юм байна. Хувьсгал хаяанд ирж, хувьсгалын үр дүн ойрын үед гарч эхлэх болж байна. Энэ хувьсгалын үед ухаалаг хувцас, жолоочгүй машин, 3D хэвлэгч дээр суурилсан анагаах ухаан зонхилох юм байна.

Доктор Клаус Шваб 2025 он гэхэд гарах 15 өөрчлөлтийг тодорхойлсоны дотор нийт хүмүүсийн 10% нь интернэттэй холбогдсон хувцас өмсөнө гэжээ. Өөрөөр хэлбэл, нэхмэл, савхи, бөс даавуугаар ухаалаг хувцас  үйлдвэрлэх мөч хаяанд ирсэн байна. Иймд бид хувцас хэрэглэгч байх уу эсхүл, үйлдвэрлэгч улс байх уу гэдэг сонголт хийх болж байна.

Мөн Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2018 оны II сард  нийтлэгдсэн  “Аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгалын үед үйлдвэрлэлийн системүүдийн тогтвортой байдлыг инновациар жолоодох нь” илтгэлд:

  • “Аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгал нь нэхмэл, хувцас, гутлын салбарын үйлдвэрлэлийн системүүдийг дижител, физикийн болон биологийн технологийн инновациар өөрчилнө”.  
  • “Байгалийн гаралтай ширхэгтийн өөр хувилбар, генийн хувиргалт хийсэн  үр тариа, биоболовсруулалт хийсэн савхины үйлдвэрлэлийг хөгжүүлнэ” зэрэг богино-дунд-урт хугацаанд баримтлах бодлогын тодорхой асуудлуудыг хөндсөн байна.

Эдгээрээс үзэхэд дэлхийн хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн зорилго, зорилт тодорхой байна. Доктор Клаус Шваб: "Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын хурд, цар хүрээ, систем дэлхийн аж үйлдвэрийн бүх салбарт хүчтэй нөлөө үзүүлнэ" гэжээ.

Монгол Улс Засгийн газраас  2018 онд батлан гаргасан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д 2020 он гэхэд аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгалыг эхлүүлэх суурийг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Манай арьс ширний салбарын хөгжлийн шинэ гарц нь автомат, робот үйлдвэр байгуулж, “Органик савхи”, “Био савхи”, түүгээр хийсэн ухаалаг хувцас үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх явдал гэж үзэж байна.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө хөнгөн үйлдвэрийн салбар, үүний дотор арьс ширний салбарыг дөрөв дэх хувьсгалд бэлдэх, 2030 он гэхэд бүрэн шилжих дунд хугацааны хөгжлийн  бодлогыг яаралтай боловсруулах шаардлагатай байна.

Хэрэв урьдын адил зах зээл бүгдийг зохицуулна гэж хий мөрөөдөөд урсгалаараа явах юм бол 2030 он гэхэд бид олон улсын хөгжлөөс хол хоцорч, цаашид гүйцэж чадахгүйд хүрнэ.  

Иймд арьс ширний салбарыг биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи, электроникт суурилсан өндөр технологийн аж үйлдвэр болгон хөгжүүлэх талаар дараах саналыг нэмэрлэж байна. Үүнд:

  1. Экологид халтай натрийн сульфид, аммоний сульфат, хромын суурилаг сульфатын хэрэглээнээс үе шаттайгаар татгалзаж, арьс, ширийг цэвэршүүлэх болон эко технологиор боловсруулж “Эко савхи” үйлдвэрлэх;
  2. Химийн хортой бодисын хэрэглээнээс бүрэн татгалзаж, органик малын органик арьс, ширийг энзим, пробиотик, био бэлдмэл, органик болон нано идээ, байгалийн гаралтай будаг, нано хучигч зэргээр буюу биотехнологи, ,нанотехнологиор  боловсруулж  2025 оноос  “Органик савхи” үйлдвэрлэж эхлэх;
  3. Малын амьд үеийн арьс, ширний эсийг биотехнологиор ургуулж 2030 он гэхэд “Био савхи” үйлдвэрлэхэд бэлэн болсон байх;
  4. Үйлдвэрт тэнцэхгүй хаягдаж  байгаа органик,  уураг агуулсан арьс, ширийг өндөр технологиор боловсруулж шинэ нэр төрлийн биологийн идэвхит бүтээгдэхүүн гарган авах;     ;
  5. “Эко савхи”, “Органик савхи”, “Био савхи”-иар “Ухалааг гутал, хувцас, эдлэл” үйлдвэрлэж эхлэх;
  6. Шинэ бүтээн байгуулалтаар “Автомат, робот, ухаалаг үйлдвэр”-үүд байгуулах;
  7. Хаягдал усыг цэвэршүүлэхэд сеператор, ультра шүүлтүүр, нано шүүлтүүр, эргэх осмосын технологийг хэрэглэдэг болох;
  8. Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдээс гардаг лагийг боловсруулж био хий гарган авч цэвэрлэх байгууламжийг цахилгаан, дулааны эрчим хүчийг хангах.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

С.Баатаррагчаа    МУ-ын зөвлөх инженер