Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой уулзалт хийв

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоонд ирж Монгол Улсын арьс шир үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүдтэй уулзаж өнөөгийн нөхцөл байдал, салбарын тулгамдаж буй асуудал, олон улсын чиг хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын арьс ширний салбарын ирээдүйн хөгжлийн бодлого, стратегийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч А.Даваасүрэн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүн, салбарт үзүүлж буй бодит нөлөөллийн талаар танилцуулж, арьс ширний үйлдвэрлэлийг түүхий эдийн бэлтгэлээс эхлэн гүн боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын зорилтыг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр арьс ширний салбарт тулгамдаж буй дараах асуудлуудыг хөндөн ярилцав. Үүнд:

  • Түүхий эдийн чанар, ангилал, гарал үүслийн мөшгөлт, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах,
  • Салбарын ААН, үйлдвэрүүдийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад шаардагдах зөвшөөрлүүдийг олгох, бизнесийн орчиноор хангах
  • Цаашид аж үйлдвэрийн паркын зохион байгуулалтад яаралтай орох, 
  • Судалгаа хөгжүүлэлт, эрдэм шинжилгээ, шинжлэх ухаанд суурилан хөгжих,
  • Эргэлтийн болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг урт хугацаатай олгох,
  • Мэргэжилтэй ажиллах хүч, сургалт хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх,
  • Экспортыг нэмэгдүүлэх, сэргээх ажиллагаануудыг хэрэгжүүлэх

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон салбарын эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх явцад салбарын оролцогч талуудын уялдааг сайжруулах, судалгаа-шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд бодитоор нэвтрүүлэх, экспортын зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлагыг шат дараатайгаар хангах шаардлагатай байгааг онцлов.

Уулзалтыг хийх хүсэлтийг МАШҮХолбооны Бодлогын зөвлөлөөс тавьсны хүрээнд Бодлогын зөвлөлийн дарга Ү.Амарбат цаашид төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ХХААХҮЯ болон МАШҮХ хооронд хамтарч ажиллах тодорхой саналуудыг хүргүүлэв.

ХХААХҮ-н Сайд М.Бадамсүрэн уулзалтын төгсгөлд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг бодит ажил, хэмжигдэхүйц үр дүнд хүргэхэд салбарын бүх оролцогчдын санал, оролцоо чухал болохыг тэмдэглэн, цаашид бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уг уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, МАШҮХолбооны Бодлогын зөвлөлийн дарга Ү.Амарбат, Боловсруулах үйлдвэрлэлийн зөвлөлийн дарга, "Мон-Ирээдүй" ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганбилэг, Савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зөвлөлийн дарга, "Агни" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Төгсжаргал, Савхин гутал үйлдвэрлэлийн зөвлөлийн төлөөлөл Удирдах зөвлөлийн гишүүн, "Брэнд гутал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гэрэлт-Од, МАШҮХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн, ХХААХҮСХТөвийн Эрдэм шинжилгээ туршилтын хэлтсийн дарга, Доктор М.Мөнхбат,"Түмэн шир" ХХК-ийн Захирал Л.Алтай, МАШҮХолбооны Боловсруулах үйлдвэр хариуцсан менежер, Монгол Улсын зөвлөх инженер Д.Отгонтуяа, МАШҮХолбооны Бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр хариуцсан менежер Э.Орхон нар оролцлоо.