card

Эразмус+ Дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн санхүүжилттэй “LEATHUB” төсөл

МАШҮХолбоо 2019 он

Европын холбооны Erasmus+  хөтөлбөрийн санхүүжилтээр “Establishment of Leather Hubs in Russia and Mongolia” буюу “Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулах” төсөл 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ.

Уг төслийн ерөнхий зохицуулагчаар Туркийн ЭГЭ их сургууль ажиллах ба Итали, Грек, Польш, Румын болон Литва улсын зөвлөхүүд европын холбооны туршлагыг Монгол улсын арьс ширний салбарт нэвтрүүлэх үүрэгтэй ажиллаж байна.

Төслийн эхний зөвлөлдөх уулзалт 2019 оны 3 сарын 11-12-ны өдрүүдэд Грекийн Афин хотод зохиогдсон ба гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, арьс шир боловсруулах “Буурал Гол” компанийн захирал Г. Билгүүн нар оролцсон. Гүйцэтгэх захирал Т.Баярсайхан төслийн багийн удирдах зөвлөл, чанарын хорооны гишүүнээр томилогдов.

Төслийн оролцогч тус бүр байгууллагын үйл ажиллагаа, бүтцийн талаар танилцуулж, илтгэл тавин, төслийн нэгдсэн төлөвлөгөө гарган, ажлуудыг хуваарилав.

Төлөвлөгөөний дагуу Монгол улсын арьс ширний үйлдвэрүүдийн боловсон хүчний эрэлт хэрэгцээг тодорхойлохын тулд 4 хэсгээс бүрдсэн 46 асуулттай судалгааг арьс шир боловсруулдаг 27 байгууллагаас авсан.

Судалгааны боловсруулалт, дүн шинжилгээг Италийн “CGS” хэрэглээний шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн зөвөлгөө, үйлчилгээ үзүүлдэг компани хийж гүйцэтгэн, боловсон хүчнийг чадавхижуулахад шаардлагатай сургалтын чиглэлийг тодорхойлж гаргав.

Төслийн 2 дах зөвлөлдөх уулзалт Турк улсын Измир хотод 2019 оны 10 сарын 9-11- ний өдрүүдэд болж, боловсон хүчний эрэлт хэрэгцээний судалгааны тайланг CGS , төслийн ерөнхий зохицуулагч Туркийн ЭГЭ Их Сургуулийн профессор Мехмет Метте санхүүгийн тайлангийн нэгдсэн дүгнэлтийг танилцуулан, санал бодлоо хуваалцав.

Уулзалтаар төвд ажиллах сургагч багш нарын сургалтыг чанарын хамгаалалт, идээлэг, дэвшилтэт технологи, лабораторийн шинжилгээ гэсэн 4 чиглэлээр Европын холбооны улс болох Турк, Польш, Литва, Румины зөвлөхүүд, эрдэмтэн судлаач, багш нар зохион байгуулахаар хэлэлцлээ. Цаашид арьс ширний сургалт, судалгаа, инновацийн төвийн сургагч багш нараар дамжуулан үйлдвэрийн ажилчин, мэргэжлийн боловсон хүчнийг чадавхижуулах, сургах үйл ажиллагаа явагдана.

Мөн төвд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авах, тендер зарлах үе шатуудын хугацаа, санхүүжилтийн талаар талууд харилцан ярилцаж шийдвэрлэв.

 

Энэхүү уулзалтыг “ЭГЭ” их сургуулиас олон улсын Арьс Ширний Инженерчлэлийн V Конгрессийн хурал “IAFLI 2019” -тай давхцуулан зохион байгуулсан нь төслийн багийнханд өндөр ач холбогдолтой болсон. Энэхүү хуралд Турк, Герман,Чех, Испани, Хятад, Украйн, Румын, Грек, Итали, Энэтхэг, Орос, Монголын ХААИС, ШУТИС багш, эрдэмтэн судлаачид, МАШҮХолбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, төслийн менежер З.Энхжаргал Ph.D, “Булигаар” компаниас А.Энхмэнд, Б.Баттүшиг нар оролцсон. З.Энхжаргал Ph.D “Designing lasts of prophylactic footwear based on foot structural changes”илтгэл тавьж хэлэлцүүллээ. 

 

 

Мөн энэхүү олон улсын хуралд “LEATHUB” төслийн зорилго, үйл ажиллагаа, хүрэх үр дүнгийн талаарх танилцуулга илтгэл тавигдав.

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан Төрийн ордны их танхимд “Хөнгөн аж үйлдвэрийн улсын зөвлөгөөн” болж МАШҮХолбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “LEATHUB” төслийн талаар танилцуулга хийв.

Түүнчлэн Хүнс Хөдөө аж ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны нийт ажилчдын ээлжит хуралдаанд МАШҮХолбоо, ХААИС –ийн багш төслийн менежер Б.Итгэл Ph.D, ШУТИС-ийн багш С.Удвал Prof төлөөллүүд оролцож, уг төслийн зорилго, санхүүжилт, хэрэгжилт, хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээллийг хүргэв.    

2019 оны 12-р сарын 2-5-ны өдрүүдэд Европын Холбооны Боловсрол, Аудиовизуал ба Соёлын агентлагаас Ралф Радерс тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж хэрэгжиж байгаа төслүүдийн үйл ажиллагатай танилцаж, тайланг хэлэлцүүллээ. Тайлангийн хуралд европын холбооны байгууллагаас санхүүжилттай төслийн багуудын нийт 45 хүн оролцсон бөгөөд “Leathub”төслийн эхний 6 сарын явцын тайланг нийтэд хэлэлцүүлсэн билээ.  

Дараагийн хагас жилд арьс ширний физик, механикийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийг суурилуулж, европын холбооны улс орнуудад туршигдан нэвтэрч, хэрэглэгдэж байгаа дэвшилтэт технологи, туршлагыг сургагч багш нарт түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явагдах болно.

Дүгнэн хэлэхэд 2019 онд нийт 11 удаагийн хурал, семинарт оролцож, 6 сошиал мэдээ бэлтгэж төслийн түгээн дэлгэрүүлэх ажил хийгдэв.

Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн холбоо хамтарсан туршилт судалгааны үр дүнг үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлэх, гадаад зах зээлд бизнес бүтээгдэхүүн экспортлох, ажилчдад модулийн сургалтыг явуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно. Цаашлаад төвөөр дамжуулан бусад свропын холбооны байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 

Эх сурвалж:

Leathub.eu

Iafli.ege.edu.tr

https://www.ekonomiizmir.com/izmir-de-5-uluslararasi-deri-muhendisligi-kongresi/914/


Хүсэлт илгээх