“Ноос, ноолуур болон арьс шир үйлдвэрлэлийн техникийн уулзалт-сургалт” боллоо

НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагаас санаачлан зохион байгуулж буй "Ноос, ноолуур болон арьс шир үйлдвэрлэлийн техникийн уулзалт-сургалт"  2018.11.23-ны өдөр Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны хурлын танхимд боллоо. Сургалтын үеэр ноос, ноолуурын нарийн мэргэжлийн эксперт Лайнус Вугийн ажлын үр дүн, Турк, БНХАУ-д техникийн текстилийн олон улсын сургалт, хурал, туршлага судлах аялалд оролцсон Монголын арьс шир үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчид тайлангаа танилцуулсан юм.Манай арьс, ширний салбарыг төлөөлөн Мон-Ирээдүй ХХК-ны менежер Бат-Даваа тайланг танилцуулав.

НҮБАҮХБ нь Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг 2018 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Тус төсөл нь Тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэлтэй уялдан 2020 оны 1-р сар хүртэл хэрэгжинэ. Төслийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор арьс шир, ноос, ноолуур, мах сүүний импортыг орлох, экспортын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар хувийн хэвшлийн салбарт зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хувь нэмэр оруулна. Ингэхдээ технологи дамжуулах, дотоодын туршлагыг олон улсын туршлагатай хослуулах, зах зээлд бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн Ноос, ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд тус салбарт ээрэх, гүйцэтгэн боловсруулах процессыг хөгжүүлэх, зах зээлд сурталчлах, хүний нөөцийн техникийн ур чадварыг сайжруулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго тавин ажиллаж байна. Иймд НҮБАҮХБ-ын ноос, ноолуурын олон улсын нарийн мэргэжилтэн ноён Лайнус Ву нь 2018 оны 11 дүгээр сарын 12-23-ны өдрүүдэд тус салбарын үйлдвэр, сургууль, холбоодтой хамтран ур чадварын үнэлгээ хийж шаардлагатай сургалтын хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна.

Лайнус Ву нь салбартаа 30 гаруй жилийн туршлагатай бөгөөд ISO9000 чанарын удирдлагын тогтолцооны тэргүүлэх шинжээч, Хонгконгийн Лабораторийн итгэмжлэл (HOKLAS) олгох мэргэшсэн шинжээч (ISO/IEC 17025:2005) бөгөөд олон улсын Вулмарк (The Wool Mark) компани, Ноосны Олон Улсын НБД нарын газар, Юнисон Сүлжэх үйлдвэр зэрэг байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр, Текстилийн гарын авлага 2000, Гутлын гарын авлага, Сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалт, чанарын хяналтын загвар туршлага, текстиль, даавуу үйлдвэрлэл, будах болон гүйцэтгэн боловсруулах технологи процесс, даавууны чанарын хяналт, шинжилгээ, үйлдвэрлэлийн менежмент, инженер техникийн ажилтнуудын удирдах ур чадвар зэрэг сэдвээр олон сургалт зохион байгуулсан. Түүнчлэн нэхмэл, сүлжмэл, бэлэн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалт, ноолууран бүтээгдэхүүнийг будах, бүрзийлт-пилингийн асуудлыг бууруулах нэгдсэн арга шийдлүүдийг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлээд байна.