Дотоод
Монгол Улсын хэмжээнд арьс шир боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Арьс, шир боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг компаниуд боловсруулах үйлдвэртээ европ технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарч байгаагаа мэдээллээ. Тухайлбал, 1993 онд байгуулагдсан “Монгол шевро” ХК хоногт 4000 ширхэг хонь, ямааны арьс, 1000 ширхэг үхэр, сарлагийн арьс боловсруулах хүчин чадалтай бөгөөд хагас боловсруулсан арьс ширийг Итали, Турк, БНХАУ-д экспортолж, гүн боловсруулсан арьс, шир болон савхин дээл, цамц зэргийг дотооддоо нийлүүлж байгаа ажээ
Харин “Мон-Ирээдүй” ХХК-ийн үйлдвэр хоногт 2000 гаруй богийн арьс хагас боловсруулах хүчин чадалтай бөгөөд 2017 онд дотоодод 1.1 тэрбум төгрөг, гадаад зах зээлд 2.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Тус компани энэ оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх жилийн нийт үйлдвэрлэлийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Мөн Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрсөн оны долдугаар сард “Эмээлт” хөнгөн үйлдвэрийн парк, “Налайх” технологийн парк болон “Эрдэнэт хүнс само” компанид үйлдвэр, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон байна. “Эмээлт” хөнгөн үйлдвэрийн паркийн 160 га талбайд Улаанбаатар хотод байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг байршуулах ба бүтээн байгуулалтыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Ингэснээр 19 байршилд арьс шир, найман байршилд ноос, ноолуурын үйлдвэрүүдийг байршуулна гэж “Эмээлт” хөнгөн үйлдвэрийн паркийн дарга Х.Эрдэнэбат мэдээллээ. Харин "Налайх” технологийн паркийн дэд бүтцийн ажил төлөвлөгөөний дагуу энэ онд эхлэх бөгөөд бүтээн байгуулалт дууссаны дараа 40-50 үйлдвэр байршуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна тус салбарт түүхий эдийн бэлтгэлийн системийг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Монгол Улс жилд 500 мянган үхрийн шир, 300 мянга гаруй адууны шир бэлтгэдэг ба үүнээс 500-600 мянган ширхэг бодын ширийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд борлуулж байна.