Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арьс ширний салбарт ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. 

 

Монгол улсын эдийн засгийн гол тулгуур багана болсон Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангаж байдаг уламжлалт салбар юм. Малаас гарах ашиг шим хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Тиймдээ ч Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний нэг зорилтдоо мал сүргээ эрүүлжүүлэх гэж тусгажээ. Эндээс харахад “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд зөвхөн хүнс үйлдвэрлэл бус давхар хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөгжих боломжтой юм.

Мал аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах томоохон зорилготой, салбараа түүчээлсэн хөнгөн үйлдвэрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиллалаа.  

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажилласан эхний үйлдвэр бол “Булигаар” ХК. Тус үйлдвэр нь бод, богийн арьсыг хагас болон гүйцэт боловсруулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд борлуулж байна. Боловсруулсан арьсаа өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж, 60 гаруй иргэнд нийлүүлж байгаа бөгөөд цаашид тоног төхөөрөмжөө шинэчлэн, үйл ажиллагаагаа өргөтгөхөөр төлөвлөжээ.

Арьс ширний салбарт үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн хүндрэлтэй байдаг хүчин зүйлс бол арьсны механик гэмтэл болоод малын өвчлөл. Тухайлбал, паразит бог малын арьсыг гэмтээх бөгөөд хонины 80 хувь, ямааны 20-30 хувь нь паразит буюу хамуу өвчтэй байдаг гэж байна. Тиймээс малыг угаалгажуулж, эрүүлжүүлэн, эрт эргэлтэд оруулдаг болгох хэрэгтэйг арьс ширний салбарын үйлдвэрлэгчид хэлж байна.

 

 

 

“Булигаар” ХК-ийн арьс ширний үйлдвэрт боловсруулагдсан арьсаар “Хос аз” ХХК-ийн гутлын үйлдвэр ажлын болон эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гээд бүх төрлийн цэвэр арьсан гутал үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр нь жилд нэг ээлжиндээ 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай ч одоогийн байдлаар жилд 30-40 мянган хос гутал үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Нийт гутлын 80 орчим хувийг Батлан хамгаалах яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагын алба хаагчдын, хөдөлмөр хамгааллын, тусгай зориулалтын гутал эзэлж байна.

“Хос аз” ХХК-ийн гутлын үйлдвэр одоогоор үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй байгаа. Үүний гол шалтгаан нь эргэлтийн хөрөнгөтэй холбоотой гэдгийг тус компанийн ерөнхий захирал Н.Зоригт хэллээ. Хэрэв эргэлтийн хөрөнгө шийдэгдвэл үйлдвэрлэлээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх боломжтой гэж байна.

 

Мөн цүнх жижиг эдлэл үйлдвэрлэгч Марис трейд ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.