Монголын арьс ширний салбарын төлөөлөл БНХАУ-ын аж үйлдвэрийн бүс болох Хэбэй мужид ажиллаж, туршлага судлан хамтын ажиллагааны стратеги түншлэлийг эхлүүлэв

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-оос санаачлан Монгол Улсын арьс ширний салбарын төлөөлөл 18 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Хэбэй мужийн Шинжи хот дахь арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн парк, Гаалийн логистикийн төв, Хэбэй шинжлэх ухааны академид ажиллаж, туршлага солилцох, хамтын ажиллагааны стратеги түншлэлийн гэрээ байгуулах ажлыг өрнүүллээ.

Тус бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл, ХХААХҮЯ-ны харьяа Судалгаа, хөгжлийн төвийн Эрдэм шинжилгээ туршилтын хэлтсийн дарга, МАШҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Доктор, Монгол Улсын Зөвлөх инженер, М.Мөнхбат, ХХААХҮЯ-ны харьяа Судалгаа, хөгжлийн төвийн Арьс ширний шинжилгээний лабораторийн эрхлэгч, Доктор З.Энхжаргал, Судалгаа хөгжлийн төвийн хөнгөн үйлдвэрлэлийн инновац нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтэн Б.Отгонбулаг, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэн, МАШҮХ-ны Хяналтын зөвлөлийн дарга, ХААИС-ийн "LeatHub" төвийн захирал, Доктор Б.Итгэл, МАШҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн зөвлөлийн дарга, "Мон-Ирээдүй" ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганбилэг, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн Төлөвлөлт, хөгжүүлэлтийн газрын дарга Б.Ариунаа, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн газрын Ерөнхий инженер Т.Батдондог, МАШҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, "Арилдий" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Арилдий, "Арилдий" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Дэлгэрдаваа, МАШҮХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн, "Их эргэлт" ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Отгонсүрэн, "Мон-Ирээдүй" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Биндэрья, "Мон-Ирээдүй" ХХК-ийн Менежер С.Батдаваа, МАШҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, "Булигаар" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баттүшиг, "Буурал гол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Билгүүн, "Буурал гол" ХХК-ийн Менежер Б.Ганбилэг, "Жинстийн залаа" ХХК-ийн Захирал Г.Бум-Эрдэнэ зэрэг төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын нийт 18 хүний төлөөлөл багтав.

Айлчлалын хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын Шинжи хот дах Гаалийн логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах, тухайн Гаалийн логистикийн төвд байрлах Гаалийн баталгаат агуулах хэрхэн ажилладаг талаар туршлага судлах, Шинжи хотын аж үйлдвэрийн паркийн МэйХуа Группийн бог малын арьс боловсруулах үйлдвэр, Хунсихай ХХК-ийн үхрийн шир боловсруулах үйлдвэр, Шинжи арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн дундын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлав.

Гаалийн баталгаат агуулахад импортын түүхий эд, бараа материалаа байршуулснаар аливаа НӨАТ, гаалийн татварын дарамтад оролгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бий болох, түүхий эд стандартын дагуу хадгалагдаж, чанараа алдахгүй байх бүс нутгийн худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон давуу талтай байна. Уг Гаалийн логистикийн төв нь 10'000 м2 бүхий 6 агуулахтай бөгөөд 1 агуулах нь ойролцоогоор 1 сая арьс хадгалах хүчин чадалтай, жилийн хагасын байдлаар 70 сая долларын экспорт, импортын эргэлттэй ажилласан бөгөөд үүний 11 сая нь арьс ширэн түүхий эдийн борлуулалт байсан байна. Гаалийн логистикийн төвийн захирал Юан Күй-ийн мэдээлснээр арьс ширний борлуулалт жилээс жилд ихсэх төлөвтэй байгаа бөгөөд Монголын арьс ширэн бүтээгдэхүүн тухайн Гаалийн логистикийн төвөөр дамжуулан борлуулагдах бүрэн боломжтой ба энэ тал дээр хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлэв.

Түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоонд суурилсан итгэмжлэгдсэн агуулахаар дамжуулан түүхий эдийг бэлтгэн нийлүүлснээр түүхий эдийн чанарыг алдагдуулахгүй, стандартын дагуу эмх цэгцтэй хадгалж үйлдвэрүүдэд нийлүүлэх нь арьс шир боловсруулах салбарын хөгжлийн суурь болдгийг БНХАУ-ын туршлагаас харж болохоор байна.

Зураг 1.Гаалийн логистикийн төв                                                                                                                                                                                                                                                                

Зураг 2. Гаалийн баталгаат агуулах /Түүхий эдийг маш эмх цэгцтэй хурааж, хадгалсан байдал/                                                                                                                                                                                                                                            

Зураг 3. Стандартын дагуу чанарын хамгаалалт хийж, хадгалсан түүхий эд                                                                                                                                                                                                           

БНХАУ-ын арьс шир боловсруулах үйлдвэрүүдээр танилцаж туршлага судлах үед анзаарагдсан хэдэн зүйлээс дурдвал дэлхийн зах зээлийн чиг хандлага, өртгийн сүлжээний өрсөлдөх чадварыг үндэслэн боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг шинээр тохируулж илүү массын үйлдвэрлэлийг бий болгож, хаягдлыг дундын цэвэрлэх байгууламж болон хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдээр шийдвэрлэж, хажуудаа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эд болон туслах материал бэлтгэн нийлүүлэх төв, Гаалийн баталгаат агуулах зэргийг бий болгож кластержуулснаар өртгийг бууруулж, бүтээмж нэмэгдүүлэх ганцхан зорилгын дор зохион байгуулалт, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг төрийн бодлогоор хэрэгжүүлсэн байна. Үүний ачаар гарч буй бүтээгдэхүүн нь гэмтэлгүй, чанартай, байгаль орчин, нийгмийн нөлөөлөл багатай, өртөг багатай, өрсөлдөх чадвартай болсон байна.

Монгол Улсын арьс ширний салбартай харьцуулж үзэхэд хамгийн том ялгаа бөгөөд бидний хөгжлийн хязгаарлагч хүчин зүйл бол түүхий эдийн эсгэлтийн болон паразитын гэмтэл байна. БНХАУ нь түүхий эд бэлтгэлийн маш сайн тогтолцоотой бөгөөд маш бага хэмжээний гэмтэлтэй арьс, шир гардаг. Түүнийгээ үйлдвэрт нийлүүлэхээс өмнө ангилан ялгалтыг сайн хийж ямар ч гэмтэлгүй арьс ширийг л үйлдвэрт нийлүүлдэг тогтолцоотой байна. Ингэснээр хаягдал бүтээгдэхүүн гарахгүй, илүү зардал бий болохгүй бүтээмж өндөртэй ажилладаг байна.

Зураг 4, 5, 6. Боловсруулсан шир /ямар ч гэмтэлгүй/                                                                                                                                                                                                                                

Зураг 7, 8. Боловсруулсан бог малын арьс /ямар ч гэмтэлгүй/                                                                                                                                                                                                                   

2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хэбэй мужийн Шинжи хотын Бүсийн хөгжлийн удирдлагын хорооны орлогч дарга Гао Лянминээр удирдуулсан баг хамт олонтой Монголын тал "Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны симпозиум" хурлыг хийв. Уг хурлаар Хятадын талаас Хэбэй муж, Шинжи хотын Бүсийн хөгжлийн удирдлагын хорооны орлогч дарга болон бусад төлөөлөл, Хэбэй мужийн Шинжлэх ухааны академийн захирлууд, Шинжи хотын аж үйлдвэрийн паркийн захирал, төлөөллүүд, арьс шир боловсруулах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын төлөөлөл оролцож, харилцан санал мэдээлэл солилцон цаашид Монгол-Хятадын арьс ширний салбарыг харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөн сайжруулах, технологи хөгжүүлэлт, нэвтрүүлэлт, тогтвортой хөгжил дээр тулгуурлан хамтран ажиллах талаар санал солилцож Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой "Монгол-Хятадын олон улсын стратегийн хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулав. 

Зураг 9. Монгол-Хятадын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны симпозиум                                                                                                                                                                    

Зураг 10. Монгол-Хятадын олон улсын стратегийн хамтын ажиллагааны 3 талт гэрээ байгуулав                                                                                                                                                        

БНХАУ-ын Хэбэй муж нь Хятад улсын арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн төв бөгөөд Шинжи хот нь бог малын арьс боловсруулах, гутал, цүнх, жижиг эдлэл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дагнасан аж үйлдвэрийн паркийн зохион байгуулалтад орсон төв юм. Арьс ширний паркийг анх 1997 онд байгуулсан бөгөөд нийт 52 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, жилд 1.3 их наяд төгрөгийн борлуулалттай, 4600 хүн ажилладаг, жилд 20,5 сая бог малын арьс, 6,5 сая бод малын шир боловсруулдаг, 3.6 сая савхин хувцас, 600 мянган арьсан гутал, 700 мянган бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, туслах аж ахуйн салбар болох түүхий эд, химийн материал бэлтгэл, тээвэрлэлтийн салбарт 3000 хүн ажилладаг цаашид дэлхийн арьс ширний үйлдвэрлэлийн төв болох зорилгыг тавин ажиллаж байгаагаа илэрхийлэв.

2017 онд арьс ширний салбарыг хөгжүүлэх цогц реформыг хэрэгжүүлж хотын төвд суурьшлын бүсээр тархан байрлаж байсан бүх үйлдвэрүүдийг арьс ширний парк руу нүүлгэн шилжүүлж нийт 108 ААН-ийг 38 болгон цөөлж, томруулсан гэдгээ илэрхийлэв. Нүүлгэн шилжүүлэлтийг хийхдээ үйлдвэрийн барилга барих хөрөнгө оруулалтыг төрөөс бүрэн шийдэж зөвхөн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй технологийн сайн шийдэлтэй, туршлагатай жинхэнэ үйлдвэрлэгч нарыг дэмжин нүүлгэн шилжүүлж, технологи муу, үйл ажиллагаа зогссон үйлдвэрүүдийг нүүлгэхгүй байх бодлогын арга хэмжээ авсан бөгөөд аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг төрөөс бүрэн шийдэж, хамгийн орчин үеийн цэвэрлэх байгууламжийг байгуулж, хромыг дахин сэргээн авах технологийг нэвтрүүлснээ илэрхийлэв. Гао Лянмин орлогч дарга хэлэхдээ "Бид ААН-үүдэд төрөөс өгөх үйлчилгээгээ бүрэн өгч, үйлдвэрийг ажиллах боломжоор хангадаг. Бид зөвхөн үйлчлэх л үүрэгтэй" гэв.

Ковид цар тахал, АНУ-тай эдийн засгийн дайн зэрэг олон геополитикийн асуудлаас үүдэлтэйгээр дэлхийн арьс ширний зах зээл унаж, экспорт буурсан ч паркаас гарах бүтээгдэхүүнүүдийг дотоодын зах зээл борлуулан арьс ширний салбар амжилттай явж байгаагаа илэрхийлэв.

Цаашид дэлхийн арьс ширний зах зээл улам өрсөлдөөнтэй болж байгааг дуулган Монголын тал 4 зүйл дээр маш сайн анхаарч ажиллах нь зүйтэйг зөвлөв: 
1. Сайн бүтээгдэхүүн эх үүсвэрээсээ л эхэлнэ: Түүхий арьс ширийг паразитын болон хутганы гэмтэлгүй бэлтгэх
2. Чанарын хяналт, баталгааны тогтолцоог үйлдвэрт нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлагатай       
3. Боловсон хүчнийг бий болгох маш чухал         
4. Хаягдлаар өөр бүтээгдэхүүн хийж зардлыг бууруулах                   

Цаашид Монгол-Хятадын хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх тал дээр инженер технологийн хүмүүсийг Сичуан их сургууль, Шинжи технологийн их сургууль зэрэг их сургуулиудад урт хугацааны буюу бакалавр болон түүнээс дээш зэргээр бэлтгэх, үйлдвэрийн ажилчдыг богино хугацааны дадлага сургалтаар Шинжи дах үйлдвэрүүдэд дадлагажуулах зэргээр хамтран ажиллахаар зөвшилцөв.

Зураг 11. Монголын тал БНХАУ-ын Хэбэй мужийн Шинжлэх ухааны академитай хийсэн уулзалт                                                                                                                                                       

Мөн Монголын талын төлөөлөгч нар БНХАУ-ын Хэбэй мужийн Шинжлэх ухааны академийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хэбэй ШУА нь хөдөө аж ахуй, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл, материалын шинжлэх ухаан, өндөр технологи, автоматжуулалт, хиймэл оюун ухаан, батарей хураагуур зэрэг олон салбарт 120 гаруй шинэ технологийг бий болгож оюуны өмчид бүртгүүлсэн бөгөөд арьс ширний салбарт цэвэр технологи, бохирдлыг бууруулах, цэвэрлэх байгууламжийн технологийн хяналт, инновацад илүү анхаарч ажилладгаа илэрхийлэв. БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шинжлэх ухааны салбарын шилдэг 100 амжилтад Хэбэй ШУА орсон байна.

Цаашид Монголын талтай "Бүс ба Зам арьс ширний эко технологийн дундын лаборатори"-ийг байгуулах, Монгол-Хятадын судалгаа, хөгжлийн сан байгуулж, эрдэм шинжилгээний байгууллага, дундын лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлж, Монгол-Хятадын аж ахуйн нэгжүүдэд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, Монгол-Хятадын боловсон хүчний сургалтын механизмыг бий болгож, жил бүр 2 удаагийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, Хятадын мэргэжилтнүүдээр газар дээр нь 2 удаагийн зөвлөмж сургалт явуулах боломжтой гэдгээ илэрхийлэв.

Айчлалаас гаргасан дүгнэлт

БНХАУ нь коммунист засаглалтай хэдий ч арьс ширний салбарын онцлог болох хэдий үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд нь цэвэр бизнесийн өрсөлдөөнт зах зээлд оршдог ч, үйлдвэрлэл болон тогтолцооны төрийн түрэмгий дэмжлэг дунд бойждог Итали, Турк, Энэтхэг, Испани зэрэг улсуудтай өрсөлдөхийн тулд сүүлийн жилүүдэд тогтолцооны цогц реформыг хийж муу технологиудыг халж, байгаль орчны нөлөөг бууруулж, түүхий эдийг ямар ч гэмтэлгүй үйлдвэрт нийлүүлэх тогтолцоог бий болгож, үйлдвэрүүдийг илүү бүтээмж өндөртэй, оновчтой хүчин чадал бүхий массын үйлдвэрлэл бүхий кластерийн зохион байгуулалтад оруулах бодлого баримталж, эрдэм шинжилгээ, инновацад суурилсан дэвшилтэт технологийг чиг баримжаа болгон өртгийг бууруулах, үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг бүрэн шийдвэрлэсэн байна. Арьс ширэн бүтээгдэхүүн нь өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний ангилалд ордог бөгөөд олон улсын нийгэм, эдийн засгийн савлагаа болон геополитикийн хүчин зүйлээс хамаарч шууд эрсдэлд орох аюултай байдаг. Үүнийг даван туулахын тулд дотоодын зах зээлээ тэлэх, импортын бараануудтай чанар болон үнээр өрсөлдөх бодлогыг хэрэгжүүлжээ. 

Монгол Улсын арьс ширний салбар 90 жилийн түүхтэй, аж үйлдвэрийн хамгийн ууган салбаруудын нэг бөгөөд социалист нийгмийн үед аж үйлдвэрийн паркийн жишгээр өөрийн цэвэрлэх байгууламжтай, хаягдлыг дахин боловсруулах халиман цавуу, улны ширний үйлдвэртэй, бог болон бод малын арьс ширийг гүйцэт боловсруулах үйлдвэрүүдтэй, түүнээс гарсан арьсаар гутал, хувцас, бээлий зэрэг бэлэн бүтээгдэхүүн хийдэг, түүхий эдийн болон химийн материалын нэгдсэн агуулах, бэлтгэлийн тогтолцоотой, орчин үеийн бүрэн тоноглогдсон эрдэм шинжилгээний байгууллагатай, тоног төхөөрөмжүүдийн механик засварын үйлдвэртэй, 12000 ажиллах хүчинтэй жилд 5 сая арьс ширийг гүйцэт боловсруулж түүгээрээ гутал, хувцас, бээлий зэрэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг экспортын орлого оруулж ирдэг эдийн засгийн тэргүүлэх салбар байсан билээ.

Монголын арьс ширний салбарын хувьд өмч хувьчлалыг буруу хэрэгжүүлж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоогоо эвдэж хаяснаас хойш эргээд сэргэж байгаа боловч салбарын хөгжлийг гацаасан хэд хэдэн асуудлууд байсаар байна. Бидний хувьд арьс ширний салбар хэрхэн хөгжих, технологи, шийдэл, бүтэц, зохион байгуулалтын хувьд ямар байх тал дээр туршлага, мэдлэг байх авч төр-хувийн хэвшлийн түншлэл, стратеги хөгжлийн цогц бодлого, алсын хараа, түүнтэй уялдсан хөрөнгө оруулалтын асуудлууд одоо ч бүрэн шийдэгдээгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн нь энэхүү арьс ширний салбарын унах уу, босох уу гэсэн эгзэгтэй үед цагаа олж хэрэгжиж байгаа өндөр ач холбогдол бүхий ажил бөгөөд хөнгөн үйлдвэрийн хууль эрх зүйн орчин, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо, парк хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн технологи, хүчин чадал, борлуулалт, салбарын хүний нөөц бэлтгэл зэрэг нэмүү өртгийн сүлжээг цогц харсан бодлого болж чадсан.

Бид цаашид Улсын Их Хурлаар батлагдсан Засгийн газрын хэрэгжүүлж буй энэхүү "Цагаан алт" хөдөлгөөнийг малгай болгон "Шинэ хоршоо" хөдөлгөөн болон "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн төслийг уялдуулан хэрэгжүүлж, тогтвортой түүхий эд бэлтгэлийн тогтолцоотой, бүтээмж, өртгийн тооцоолол дээр үндэслэсэн үйлдвэрүүдийг байгуулж, түүнд шаардлагатай төрийн үйлчилгээнүүд болох дэд бүтцүүдийг оновчтой, урсгал зардал багатайгаар шийдвэрлэж, тогтвортой ногоон үйлдвэрлэлийг бий болгох Монгол малын арьс болон түүгээр хийсэн бэлэн бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд нэрд гаргах бүрэн боломж бий.

Энэ ч хүрээнд Монгол Улсын арьс ширний салбарыг цогц хөгжүүлэх үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, МАШҮХолбоо, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд 2025 оны 01 сарын 15-д Бүгд найрамдах Турк Улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд БНТУ-ын Бурса болон Гэрэдэ арьс ширний паркуудтай танилцаж, паркийн хөгжүүлэлтийн хүрээнд хамтын ажиллах санамж бичгийг байгуулж ажилласан бөгөөд энэ удаад дэлхийн арьс ширний зах зээлийн гол тоглогч урд хөрш болох БНХАУ-ын арьс ширний парк, эрдэм шинжилгээний байгууллага, бүсийн хөгжлийн удирдах хороотой танилцаж, туршлага солилцон, хамтын ажиллагааны стратеги түншлэлийг бий болгох эхлэлийг тавилаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа байгууллагууд, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон харьяа байгууллагууд, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо нар хамтран салбарын суурь асуудлуудыг шийдвэрлэхээр олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд ирээдүйд нийт гарч буй 15-20 сая арьс ширийг бүрэн боловсруулах, байгаль орчинд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийг явуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох, 20000 мянган ажлын байр бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэглэгчдээ чанартай Монгол арьсан бүтээгдэхүүнээр хангах зорилгыг тавин ажиллаж байна.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Ерөнхийлөгч, А.Даваасүрэн