БНХАУ-ын Хэбэй Шинжлэх ухааны академийн Дэд ерөнхийлөгч Ди Минхуйгаар ахлуулсан төлөөлөгчид "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн урилгаар 2025 оны 11 дүгээр сарын 24-өөс 27-ны хооронд Монгол Улсад хүрэлцэн ирж ХХААХҮЯ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК, "Цагаан алт" ТББ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөл зэрэг талуудтай албан уулзалтуудыг хийж, хамтын ажиллагааны цар хүрээ, боломж, цаашдын харилцан ашигтай хөгжлийн талаар санал солилцлоо.
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр БНХАУ-ын талын төлөөлөгчид ХХААХҮЯ-ны төлөөлөлтэй уулзаж санал солилцсон бөгөөд БНХАУ-ын Хэбэй мужийн Шинжлэх ухааны академи болон тус мужийн "Аж үйлдвэр, технологийн парк"-тай мал, амьтны гаралтай түүхий эд болон дайвар бүтээгдэхүүн боловсруулах салбарт дэвшилтэт технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн хөгжлийг дэмжих, хоёр улсын 2005 онд байгуулагдаад удаж байгаа хорио цээрийн протокол болон түүнээс үүдсэн хил гаалийн нэвтрэлтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж худалдааг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага хооронд шинэ нөү-хау шууд нэвтрүүлэх зэрэг ажлуудын хүрээнд хамтран ажиллах санал солилцлоо.
Мөн өдөр БНХАУ-ын төлөөлөгчид "Цагаан алт" ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан УИХ-ын 63-аар тогтоолын хүрээнд малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшнийг сайжруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо. "Цагаан алт" ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Бадарч МАШҮХ болон Хэбэй шинжлэх ухааны академи хооронд байгуулсан гэрээний тусгагдсан ХХААХҮСХТ (хуучнаар Армоно) дээр арьс шир боловсруулалтын туршилтын лабораторийг сэргээн байгуулах ажлыг хэрэгжүүлэх, мал эрүүлжүүлэх тал дээр хамтран ажиллах саналыг дэвшүүлж, БНХАУ-ын тал хүлээж авсан болно.
ХХААХҮЯ дээр хийсэн хурлын дараа БНХАУ-ын төлөөлөгчид ХХААХҮСХТ-д хүрэлцэн ирж байгууллагын үйл ажиллагаа, лабораториудтай танилцав. 2025 оны 08 дугаар сард МАШҮХ болон салбарын төлөөлөл БНХАУ-д айлчлах үеэр байгуулсан гэрээнд тусгагдсан Монгол-Хятадын дундын арьс шир боловсруулах туршилтын лаборатори байгуулах ажлыг ярилцаж, хэрэгжилтийг эрчимжүүлэх тал дээр санал солилцов. Үүнийг байгуулснаар СХТ нь арьс ширийг боловсруулах, боловсруулсан арьс, савхи болон савхин бүтээгдэхүүн дээр туршилт судалгаа, шинжилгээ хийх бүрэн боломжтой болох юм.
Уг уулзалтын дараа БНХАУ-ын төлөөлөгчид "Булигаар" ХК болон "Мон-Ирээдүй" ХХК-ийн арьс шир боловсруулах үйлдвэрүүдтэй танилцсан бөгөөд Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон салбарын боловсруулах үйлдвэрүүдийн төлөөллүүдтэй уулзалтыг хийж 2025 оны 8 дугаар сард Монголын тал БНХАУ-д айлчлах үеэр байгуулсан гэрээний талаар хэлэлцэх, хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов.
Уг уулзалтаар МАШҮХ-ийн зүгээс гэрээнд тусгагдсан туршилтын лаборатори байгуулах ажлыг эрчимжүүлэх, арьс ширний салбараас гарах хаягдал, дайвар бүтээгдэхүүнүүдийг дахин боловсруулах туршлагуудыг нэвтрүүлэх, арьс ширний салбарт ажиллаж буй боловсон хүчнийг БНХАУ-д богино хугацааны сургалтад хамруулж чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, харилцан айлчлалуудыг тогтмол хийх, хоёр талын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг холбох, худалдааг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх дээр харилцан тохиролцлоо.
Мөн БНХАУ-ын төлөөлөгчид "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн урилгаар Монгол Улсад айлчлал хийхийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатартай албан уулзалтыг Нийслэлийн Хангарди ордонд хийв.
Уг уулзалтаар Хэбэй мужийн Шинжлэх ухааны академи болон Хэбэй мужийн Шинжи хотын арьс ширний паркийн удирдлага БНХАУ-ын арьс ширний салбарын хөгжил болон Шинжи хотын арьс ширний паркийн үйл ажиллагааны талаар холбогдох мэдээллүүдийг өгөв.
Шинжи аж үйлдвэрийн паркийн Захирал ноён Ван хэлэхдээ уг парк нь жилд нийт 30 гаруй сая арьс шир боловсруулдаг бөгөөд үүний 20 сая нь бог малын арьс, 6 сая нь бод малын шир, 3 сая бусад арьс ширэн түүхий эдийг боловсруулдаг байна. Жилд паркийн борлуулалтын орлого нь 4 тэрбум юань буюу ойролцоогоор 2 их наяд төгрөг бөгөөд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт уялдаатай ажилладаг болохоо илэрхийлсэн. Уг парк нь Бээжингээс 200 км, далайн боомтоос 220 км зайтай бөгөөд өөрийн гэсэн эдийн засгийн чөлөөт бүс, баталгаат агуулах, лаборатори зэрэг бүх бүтэц байдаг гэж мэдээллээ.
Уг арьс ширний парк нь 2010 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын 2011 оны 12 дугаар "5 жилийн төлөвлөгөө"-д Хятад улсын арьс ширний салбарыг хөгжүүлэх олон арга хэмжээнүүд тусгагдсаны хүрээнд амжилттай хөгжиж чадсан одоо дэлхийн түвшинд өрсөлдөх хэмжээнд хүрсэн байна.
Мөн энэ жил батлагдсан БНХАУ-ын 15 дугаар "5 жилийн төлөвлөгөө"-д арьс ширний салбарыг хөгжүүлэх олон арга хэмжээнүүд тусгасан байгааг онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар уг уулзалтаар харилцан санал солилцсоны хүрээнд ирэх оны буюу 2026 оны 1 дүгээр сарын 10-д өөрийн биеэр БНХАУ-ын Хэбэй мужийн Шинжи хотын аж үйлдвэрийн парктай танилцах хүсэлтийг тавьж, Хятадын талаас хүлээн авахад бүрэн бэлэн байгаагаа илэрхийллээ. Цаашид "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэлтийн төсөлд хотын захирагч онцгой ач холбогдол өгч буйг харуулсан маш том ажил боллоо.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Монгол Улсын арьс ширний салбарын хөгжил, цаашид өмнө нь байсан паркийн зохион байгуулалтаар хөгжих боломжийг бүрдүүлж, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-руу арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимтэй дэмжиж байгаа нь, дэд бүтцийг байгуулах төсвийг нийслэлийн төсөвт тусгаж, Ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлыг эхлүүлсэн зэрэг нь цаашид Монгол Улсын арьс ширний салбар сэргэн мандах гол нөхцөлийг бүрдүүлж байна.
Монгол Улсын арьс ширний салбарын хөгжил нь өмнө нь байсан паркийн зохион байгуулалт руу эргэн орохоос өөр гарцгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ хүрээнд "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүс рүү арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг төсөл хэрэгжүүлэгч нэгж, паркийн удирдлагуудтай нягт хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК, арьс шир боловсруулах үйлдвэрүүд, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ХХААХҮЯ зэрэг төлөөллүүдийг хамруулсан Монгол Улсын арьс ширний салбарын төлөөлөгчдийн баг үүсгэн 2025 оны 1 дүгээр сарын 15-д Бүгд Найрамдах Турк Улсын Бурса болон Гэрэдэ парк, 2025 оны 08 дугаар сарын 11-д БНХАУ-ын Шинжи паркт тус тус айлчилж амжилттай туршлага солилцлоо.
Мөн уг ажлын хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 30-д болох Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали Улсад хийх төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын арьс ширний салбарын төлөөлөл 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Итали улсын Санта Кроче арьс ширний паркт туршлага солилцох айлчлалыг хийхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо нь Монгол Улсын арьс ширний салбарын хөгжлийг цогцоор харж гадаад, дотоод харилцааг сэргээх, гаднын сайн туршлага, нөү-хауг нэвтрүүлэх, нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын эрх, үүргийг тэнцвэртэй хуваарилах, чадавхжуулах, дотоодын зах зээл, үйлдвэрүүдийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ, ажлуудыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттай хэрэгжүүлж байна.
МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ А.ДАВААСҮРЭН